Сэлэнгэ аймаг дахь Алтанбулагийн хилийн боомтоор орж ирсэн жолоочоос коронавирусний халдвар илэрсэн билээ. Тус жолоочийн ойрын хавьтлуудад шинжилгээ хийжээ. Хяналтын байцаагч нар, ачаа буулгасан хүмүүс, машиныг байрлуулсан хүмүүс зэрэг нийт 24 хүнийг Улаанбаатарт, бусад хүмүүсийг Сэлэнгэ аймагт тусгаарласан байна. Нийт 49 хүнийг тусгаарлаж, шинжилгээ авсан бөгөөд эдгээр хавьтлаас коронавирус илрээгүй болохыг ЭМЯ-наас мэдээллээ.
Бүх хавьтлыг хяналтад авсан гэдгийг ЭМЯ мэдэгдлээ.
Монгол Улсад илэрсэн коронавирусний 37 дахь тохиолдол нь Москвагаас ирсэн оюутан байлаа. Москвагаас ирсэн 32 оюутны 20-д нь коронавирус илэрч, батлагдсан тохиолдол болж бүртгэгдээд байгаа юм.
Коронавирусний эсрэг үр дүнтэй эм гэгдэж байсан “Ремдизивир”-ийг уг вирусний эсрэг үр дүнгүй гэж тогтоосон бол анагаах ухааны судалгааны байгууллагууд өөрийн орны эмийг үйлдвэрлэж, хүн дээр туршиж байгаа аж. Хойд хөршид туршсан эм үр дүнтэй байсан учир ирэх долоо хоногоос худалдаанд гаргана гэж ОХУ-ын Эрүүл мэндийн сайд мэдээлжээ.