Гуравдугаар сард 46 мянган хүн АЖИЛГҮЙ болсон гэв

2020 оны 04 сарын 27

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас /МҮХАҮТ/ тавдугаар сарын 1-нийг Ажлын байрны өдөр болгон зарлаж, тайван жагсаалд хувийн хэвшлийнхнийг уриалж буйгаа мэдэгдлээ.

Танхимаас өгч буй мэдээлэлд “Нэг сая ажлын байр бий болгодог хувийн хэвшлийнхэн хөл хорио тогтоосноос хойш 100 хоног өөрсдийн хүчээр зохицуулж ирлээ. Гэвч нөхцөл байдал улам дордож, дэлхийн эдийн засгийн түүхэнд байгаагүй эрэлт нийлүүлэлтийн шок үүсчихлээ. Ашиг олох нь бүү хэл зардлаа ч нөхөж чадахгүй компаниуд олширч, гуравдугаар  сарын байдлаар 46 мянган хүн нэмж ажилгүй болоод байна. Улирлын чанартай ажлаас хамааралтай өрхүүд орлогогүй боллоо. Төр засгаас иргэдийнхээ ажлын байрыг хадгалах илүү бодитой ажил, байгаа олсон дэмжлэг хэрэгтэй байна” гэжээ.

Тайван жагсаалын үеэр "Эдийн засгийг эрчимжүүлж, ажлын байрыг хадгалах бизнес санал"-ыг сонгуульд дэвших бүх намын Ерөнхий нарийн бичгийн дарга нарт гардуулах аж.

Сануулахад, Коронавирусээс сэргийлэх арга хэмжээний  ажлын байранд үзүүлж буй нөлөөллийг тодруулах судалгааг МҮХАҮТ-аас  гуравдугаар сарын 20-23-ны  өдрүүдэд 1504 аж ахуйн нэгжийг хамруулан хийсэн.

Судалгааны дүнгээс харахад төрийн зүгээс ажлын байрыг хадгалж үлдэхийн тулд  ажилчдын тооны бүлэг, бизнесийн салбар харгалзахгүйгээр санхүүгийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна гэж аж ахуйн нэгжүүд үзэж байв.  Хөнгөлөлттэй зээл, Нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрийн хугацааг хойшлуулах нь ажлын байрыг хадгалахад дэмжлэг болно гэж  ажил олгогчид үзэж буйг МҮХАҮТ-аас мэдэгдэж байсан.

Судалгаанд оролцсон нийт аж ахуйн нэгжүүдийн 67.4 хувьд нь коронавирусний халдвар, тархалтаас сэргийлэх арга хэмжээ МАШ ИХ, 22.8 хувьд нь ДУНД ЗЭРЭГ  нөлөөлсөн гэсэн дүн гарсан байсан.

Судалгаанд оролцсон аж ахуйн нэгжүүдийн 63 хувь  нь ажлын байр хадгалахад зориулсан санхүүгийн дэмжлэг, 49 хувь нь НДШ-ийн төлбөрийн төлөх хугацааг хойшлуулах, 44 хувь нь хөнгөлөлттэй зээл олгох зэрэг нь ажлын байрыг хадгалахад төрөөс нэн тэргүүнд үзүүлэх шаардлагатай дэмжлэг гэж үзсэн.

Дээрх шаардлагатай дэмжлэгүүдийг салбараар харвал судалгаанд уул уурхайн салбарын 44 хувь, банк санхүүгийн 42 хувь,  үйлчилгээний 42 хувь, тээврийн 41 хувь нь ажлын байр хадгалан үлдэхэд зориулсан санхүүгийн дэмжлэг шаардлагатай гэж үзсэн бол, хөдөө аж ахуйн салбарын 38 хувь, хүнсний үйлдвэрлэлийн салбарын 30 хувь нь хөнгөлөлттэй зээл хэрэгцээтэй байна гэсэн байгаа юм.

Мөн хөнгөн үйлдвэрлэлийн салбарын 32 хувь, үйлчилгээ, тээвэр, мэдээллийн технологи, харилцаа холбоо, аялал жуулчлалын 33 хувь, барилгын 38 хувь, боловсролын 36 хувь  нь Нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрийг төлөх хугацааг хойшлуулах нь бодитой дэмжлэг болно гэж үзсэн.

Тэгвэл судалгаанд оролцсон аж ахуйн нэгжүүдийн зүгээс нэн шаардлагатай гэж үзсэн тусламж, дэмжлэгүүдийн нэг болох Нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөртэй холбоотой шийдвэрийг төрөөс гаргасан. Аж ахуйн нэгжүүдийг Нийгмийн даатгалын шимтгэлээс зургаан сарын хугацаанд чөлөөлөх шийдвэр дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний  хооронд хэрэгжих юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top