- ЭСРЭГ ТЭСРЭГ БАЙР СУУРЬ -
"Өглөөний сонин"-ы тоймчид өнөөдрийн дугаартаа гадаадын улс орнуудаас Монголдоо ирэх хүсэлтэй байгаа иргэдийн талаар хоёр өөр байр суурь, өнцөг илэрхийлэн, асуудлыг хөнджээ. Сэтгүүлч Б.Болорсүхийн "Ядрахаараа санадаг, ясаа тавьдаг газар нь МОНГОЛ биш", сэтгүүлч Т.Дарханхөвсгөлийн "Тэд эх орондоо ИРЭХ ЭРХТЭЙ" нийтлэлийг хүргэж байна.
ЯДРАХААРАА САНАДАГ, ЯСАА ТАВЬДАГ ГАЗАР НЬ МОНГОЛ БИШ
Дэлхий даяар “Ковид-19” вирус цар тахлын хэмжээнд хүрсэн. Үнэн. Өдий төдий монголчууд гадаадад байгаа юу гэвэл бас л үнэн. Хүний нутагт байгаа монголчууд нутагтаа ирэх чин үнэн хүсэл эрмэлзэлтэй байгаа нь ч бас үнэн. Гэлээ гэхдээ зарим хүний бодож байгаа шиг эх орон нь тэднийг зайлшгүй нутагтаа авчрах үүрэгтэй юу гэвэл үгүй. Учир юу хэмээвээс явсан нь тэдний сонголт, ирэх нь ч мөн адил тэдний сонголт. Тэд нутагтаа үлдэж болох байсан. Гэхдээ улс нь чадуу учраас замаа хөөгөөд харь нутгийг зорьсон.
Бүр зарим нь вирус хятадад дэгдээд эхэлмэгц хөрш болсон Монголд нь орж ирэх эрсдэлтэй гэж бодоод амиа хоохойлоод хүний нутгийг тэр дундаа буурал европыг зорьсон. Тэдэнд яагаад гэвэл явж чадах мөнгө нь байлаа. Одоо тэд бодлого тодорхойлогчдоо хараагаад эх орондоо ирэхийн түйс болоод сууж байна. Магадгүй хэвтэж ч байж болох юм. Энд байгаа попрох дуртай зарим нь гадаад байгаа иргэддээ мөнгө тараая гэж хүртэл попорч амжсан. Бүлэггүй сөрөг хүчний дарга гадаадад байгаа хүн бүрд 500 ам.доллар тараана гэсэн нь харганын ноос түүж эсгий хийхийн үлгэр лугаа байлаа. Үүнд нь гэнэн итгэмтгий монголчууд итгэчхээд ардчиллынхныг дэмжээрэй гэж хүртэл муйхраар уриалаад амжсан.
Энд бид нэг зүйлийг санах хэрэгтэй. Хэрэв сонгуулийн үнэр ханхийгээгүй бол тэднийг улстөрчид үнэндээ мартах байлаа. Учир нь Монгол Улсад халдвар эрчимтэй тархлаа гэхэд орны хүрэлцээ байхгүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Монгол Улсын нийгэмд коронавирусний халдвар тархвал 300 мянган хүнд халдварлах боломжтой гэсэн судалгаа гаргасан. Нөгөөтээгүүр байгаа хэдэн газартаа мөнгөтэй дарга нар шавар овоолсон болохоор эмнэлэг шинээр барья гэхнээ газаргүй, барья ч гэсэн түргэн хугацаанд барих чадваргүй. Эмч эмнэлгийн ажилчдын цалин тааруу учраас сүүлийн үед эмнэлгийн ажилтны хомсдол салбарт нь үүссэн. Түүнчлэн эмнэлгийн ажилтнуудыг вирусээс хамгаалах туршлага манайд байхгүй. Бүс нутагтаа бүү хэл орон нутагтаа цойлсон вируслогич ч манайд байхгүй. Тийм учраас халдвар нэг л тархвал хуурай өвсөнд тавьсан гал лугаа хурдан тархах эрсдэлтэй. Энэ мэт өчнөөн зовлон байгааг мэдсээр байж улстөрчид яагаад эрсдэлтэй алхам хийнэ гэж. Халдвар нэгэнт тархвал дараагийн сонгууль зохион байгуулах сонгуулийн насны нэг хувиа тавиад тууна шүү дээ. Гэхдээ эрх баригч намын сонгуульд ялах сүүлийн хөзөр нь гаднын улсаас эх орныхоо иргэдийг авчрах байсан. Тиймээс БНХАУ, Япон, Өмнөд Солонгос, ОХУ-аас иргэдээ татан авах шийдвэр гаргасан юм. Шийдвэрийн хүрээнд өнгөрсөн хугацаанд 4500 орчим иргэнээ татан аваад байна. Нэгэнт иргэдээ татан аваад байгаа болохоор дэлхийн 57 улсад суугаа 9890 хүн эх орондоо ирэх хүсэлтээ өгчээ. Улс төрчдийн өнөө маргаашаа харсан, магадгүй сонгуульд ялах гэсэн хүсэл монголын нийгэмд коронавирус тархаах боломжийг улам нэмэгдүүлсэн. Бид гаднаас ирсэн 4500 иргэнээ хаана байрлуулж байгаа вэ? Хотын төвд шахуу байдаг ХӨСҮТ-ийн эмнэлэг, хотын төвд байдаг “Тоёоко Инн” болон “Туушин” зочид буудал, “Баянгол” зочид буудлуудад байршиж байгаа. Хамгийн гол нь карантинд байсан хүмүүс карантинаас гармагцаа дахин илрэх тохиолдол их байгаа. Герман улсад дэгдсэн ихэнх тохиолдол яг ийм шалтгаанаас эхтэй. Биднээс илүү өндөр хөгжилтэй АНУ, Герман, Австрали зэрэг улсууд өөрсдийн мэдлийн бүлэг арлуудад өөрөөр хэлбэл улсынхаа эх газраас тусдаа байршуулж байна. Манайх шиг хотын төвдөө тал нь шахуу шавдаг иргэдтэй улс хотын төвдөө вирус тээгчдээ байршуулаад байгаа нь өөрөө гранатаар тоглож байгаатай адил билээ. Эрх баригчдын гаргасан өнөө маргаашаа хараагүй шийдвэрээс шалтгаалж ДЭМБ Монгол Улсыг халдвар тархах “МАШ ӨНДӨР” эрсдэлтэй орны тоонд оруулсан юм.
Тэгээд бид чухам яах байсан бэ? Монгол Улс ДЭМБ-ын байнгын гишүүн тэр дундаа нэлээд нэр хүндтэй гишүүдийн тоонд ордог. Тиймээс ч бүс нутгийн томоохон оношилгооны төвүүд болох Тайвань, Япон, Өмнөд Солонгосын лабораториудтай шууд харилцаатай байдаг. Мөн тэнд байдаг дипломат харилцаатай орнуудтай хэлэлцээрийн ширээний ард сууж тухайн халдвар дэгдсэн бүс нутагт байгаа иргэдийг эмнэлгийн яаралтай тусламжид хамруулах талаар хэлэлцэх байсан юм. Хэдийгээр маш урт хугацаа шаардагдах боловч дипломат арга сүйхээтэй мэргэжилтнүүдэд энэ бол тийм ч хэцүү даалгавар биш. Харин нислэгийн гэрээ байгуулаагүй орнуудад тухайн улс орнуудтай ойр суугаа дипломат төлөөлөгчийн газраараа дамжуулан ойролцоо улс орнуудад байршуулах боломж ч мөн адил байлаа.
Харин бид дотооддоо бэлтгэлээ маш сайн базаах байсан. Дэлхий даяар халдварын гурван ч давлагаа байна гэж сануулсаар байтал бид яг эхний давлагааны ид үед гаднаас өөрийн иргэдээ татан авсан. ДЭМБ-ын тооцоолсноор хоёр дахь давлагаа гаднаас зөөвөрлөгдөн ирэх тохиолдол эзэлнэ гэсэн нь манай засгийн гаргасан шийдвэрийн яг нөгөө талд нь буусан юм. Одоо гурав дахь давлагаа хүүхдүүдэд илүү хүнд тусна гэсэн тооцоо байна. АНУ-ын Принстонын их сургуулийн эрдэмтэд дөрөв дэх давлагаа байж болно гэдгийг анхааруулсаар буй. Хэрэв манай улстөрчид гурван нүүдлийн цаадхыг харах ухаантай байсан бол хоёр дахь давлагаа буюу зөөвөрлөгдсөн тохиолдол бууртал, дэлхий даяар хоёр давлагаа намжтал гаднын улс орнуудаас иргэдээ татаж авахгүй гэдгээ итгэл төгс, зоригтой мэдэгдэх ёстой байсан. Хэдийгээр улс орон нь, бодлого боловсруулагчид нь ийм шийдвэрт хүрсэн ч гэсэн вирус тээгч байж болох өндөр боломжтой Монгол Улсын иргэн гадааддаа үлдэх сонголт хийх ёстой байлаа. Хэрэв үнэхээр эх орноо боддог бол шүү дээ.
Хөл хорионы дэглэм зөрчигчдөд оногдуулах шийтгэлээ чангатгах ёстой байсан. Үүнийгээ олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол сурталчлах ёстой байсан. ДЭМБ-ын удирдамжийн дагуу гэртээ өөрийгөө тусгаарлах хугацаа 28 хоног. Энд сэжигтэй гэж бүртгэгдэн эмнэлгийн карантинд байсан хугацааг нэмж тооцохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. ОХУ л гэхэд ухаалаг утас, банкны аппликейшн зэргийг ашиглан тухайн иргэд гэртээ дэглэм барьж байгаа юу гэдгийг хянаж байна. Мэдээж хорио цээрийн дэглэм тогтоод, цар тахлын нөхцөл байдлын үед бизнесээ, иргэдээ дэмжсэн бодит дэмжлэг үзүүлсээр байна. Гэхдээ манай засгийнхан шиг шилний цаанаас чихэр долоолгох бус яг таг хэлсэн өдрөөс нь хэрэгжих бодит арга хэмжээ шүү. Ингэж байж коронавирусний дараа үлдэх улс орноо, ард иргэдээ хамгаалж байгаа юм. Одоо бид уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй гутал тайлсаар эдийн засгаа ч зогсоогоод, ард иргэдээ ч хүнд байдалд орууллаа. Шийдвэрийн алдаа гаргасан гэдгээ мэдээгүй байж болох ч өндөр эрсдэл үүрэн байж гаднын улсаас иргэдээ зөөвөрлөсөөр байна.
Нутагтаа л ясаа тавина. Энэ нь угтаа унасан газар угаасан усандаа очиж нүд анина гэсэн санаа. Гэвч манайхан үүнийг мөнгө хөөгөөд гаднын орныг зорьчхоод эрүүл мэнд ч үгүй, олсон хэд ч үгүй ганзага хоосон ирмэгцээ нутагтаа санаа амар байсаар насыг барна гэж ойлгосоор өдийг хүрчээ. Энэ нь коронавирусний дэгдэлтийн үед улам илүү харагдах болов. Ямар сайндаа АНУ-д суугаа Монгол Улсын элчин сайдын яаманд нутагтаа буцах хүсэлтэй иргэд “Хуриманд оролцох гэж ирээд гацчихлаа”, “Мөнгөгүй болчихлоо одоо явуул”, “Хүүхэд дээрээ ирсэн биш цалин ч үгүй, юу ч үгүй боллоо, нутагтаа очъё” гэж уурлах уцаарлахын наагуур хандаж байхав. Зарим нь олон нийтийн цахим сүлжээ ашиглан НҮБ болон хүний эрхийн холбогдох байгууллагуудад хандана гэж дөвчигнөсөн тохиолдол ч байна. Яаж ч дөвчигнөсөн, яаж ч амиа бодсон бай аюултай цаг үед нийгмээ, ард иргэдээ аюулд өртүүлэхгүй байх ёстой гэдгээ санах хэрэгтэй. Таныг, чамайг эх орон чинь гадаад руу гар гээд “амбаардаагүй” гэдгийг бас саначихад гэмгүй.
Холбоотой нийтлэл: Тэд эх орондоо ирэх ЭРХТЭЙ
Сэтгэгдэл ( 27 )
шууд хэлэхэд хятад, орос шиг өвчин тархсан бол олон хүн эх орондоо ирэх болов уу даа, өвдөг сөгдөх шахуу ирчээд хоол унд, ор дэрээ голоод байгаа хүмүүс ирэхгүй дээ амиа хичээсэн арчаагүй хүмүүс юм билээ
Er n bol ihenh n eh ornoosoo daijij zugataj amia hoohoilj yawsan humuus bga. Odoo bolohoor uhlee hatlaa geed jujig tavih yum. Yahaaraa iim hogiin zantai bdag bnaa uher mongolchuud
neg taldaa zov l uimdaa,manaihan hatuu ug sonsohdoo muudaa
.zov bichsen baina demjij baina
Хөлс хүчээ харьд өгөөд Хөрсөн биеэ Монголд явуулна ... гэсэн яриа гадаадад амьдардаг олигархийн эхнэр хүүхдээс гарсан гэдэг юм билээ.
chamaig ch bas zovlon toirohgui
Hen ochoh gesiin tanai darga nariin ar ger l ochoo biz dee bid bol hezeech guihgui
Малаа ясаа тавьдаг газар биш өөр юу юмбэ? Кккккккк.
tiimee $-tei bolon bolomjtoi bolood l hari garigt ochson baigeeshtei,, bur haldvar tarhaj baih ued shuu tegeed odoo avaachee geed baidag
Гадаад явсан иргэн эх орондоо хайргүй, голсон, үзэн яддаг ч байж болно. Тэр нь хамаагүй. Тухайн улс иргэнээ хариуцах ёстой. Улс байхын учир нь тэр. Бусад нь бол уянгын халил, хар массын чалчаа шүүмж. Ирнэ гэсэн бүх иргэдээ боломжоороо авчрах л ёстой. Гүйцээ. Хүсэхгүй бол ямар нэг улсын харьяалалгүй, хууль журамгүй, соёл иргэншилгүй арал руу зайлж болноштээ
АМЬДАРХЫН ЭРХЭЭР ГЭР БҮЛЭЭ ТЭЖЭЭХ ГЭЖ АРГАГҮЙН ЭРХЭНД ЯВСАН ОЛОН МЯНГАН ХҮН БАЙГАА ШҮҮ
Аливаа зүйлийн мөн чанар цаг хугацааны эргэлтээр тодорч, зөв буруу нь мэдрэгддэг жамтай. Хүлээцгүй, даацгүй, амиа хоохоолох болсон өнөөгийн хүн чанарыг мэдрүүлсэн ”хоржоонтой вирус” юм даа.
Явсан хүн бүхэн ГАДААд сайхан гэдэг байдлаар яваагүй лдээ, Харин эх орноо ЗАРДАГ томчууд- Мөнгө байвал эх орон хэрэггүй юм шиг зан гаргадаг. ТА нарт ИЙМЭРХҮҮ хэцүү үед эх орноо , газраа зарсан БОХИР МӨНГӨ чинь ТУСЛАХГҮЙ ГЭДГИЙГ МЭДЭР!!!
чам шиг малыг ямар сэтгүүлч гэхэв дээ. чиний эцэг эх. үр хүүхэд. чиний дотны өвчтэй зовлонтой хүмүүс тэнд байсан бол ингэж хуцахгүй л дээ эргүү дагз. үхвэл таарна ийм амьсгаанууд.
ЗӨВ БОЛОМЖТОЙ НЬ ЯВДАГ БОЛОМЖГҮЙ НЬ ЭХ ОРОНДОО БАЙГАА
ХАРИЙН НУТАГ ДАВЧДААД БАЙНА ХАР ЗҮГТЭЭ ГҮЙМЭЭР БАЙНА ГЭЖ ЮМ ҮЗСЭН ХҮН ХЭЛЖ САНУУЛСААР БАЙТАЛ ДААНЧ ЯАВДАА.
Хэрвээ монголд дэгдсэн бол юун наашаа ирэх зугтаагаад сүйд болж байх байсан ийт л арчаагүй тэнэг улс шүү дэ
дэмжиж байнаа
Зөв, өөрсдөө л боломжтой болоод явсан, боломжийнхоо хэрээр авч ирж байна, энэнээс илүү яадгийн!
Хэрвээ бусад оронд энэ өвчин тийм хүчдээ дэгдээгүй байсан бол яасан ч ирэхгүй Ирж байгаа хүмүүсийг тусгаарлахаас эхлээд өвчин илэрвэл эмчлэх гэх мэт зардал ядуу орныг туулидуулана шүүдээ Өвчин гаднаас ирж байгаа шүү
Монголд тархсан бол эсрэгээрээ солиорох баисандаа Ер нь аль тохиолдолд удирагч хүн яалтчгүи юман дээр олонхиигоо л аварна л гэнэ шдээ Та бүхэн бүгдииг төрлүү битгии чихэлдээ ,,төрд баигаа хүмүүс тэгээд яахын ,,өө бүгдээрээ ороод ир хамтдаа сөнөе ,,гээд л нэг нь загнахаар аигаад хүлцэнгүи баих уу Тэгвэл. Шаа,,иим үед зурсан зургаараа,,гэж мэдэхүү Орж чадвал аз ,чадахгүи бол. ?..
Тураг ядрахаар нутгаа, хүн ядрахаахаа төрлөө гэдэг
Болж байна. Дэмжинэ. Тэд ѳѳрсдѳѳ эрсдлээ даана гэж үүрэг хүлээж гардаг.
Боож байна. Дэмжинэ. Гадаадад зорчигсод ѳѳрсдээ эрсдлээ үүрнэ гэж үүрэн хүлээдэг.
Зөв бичжээ.Бидэнд эх орноо гэсэн ухаан дутаж, хар амиа эрх мэдэлд шунах сэтгэл их болж
эх оронд нь ажлын байр , хүний мэдлэг боловсролыг үнэлж цалинжуулж, улс төржиж, албан тушаалыг булаан авдаггүй байсан бол эх орондоо амьдарч ажиллана. Мөн гадаадад байгаа иргэд эх орондоо байгаа очноон амыг тэжээж авч явж байгаа шүү. энэ улс засгийн газрын ачааг үүрч л байгаа эх орондоо овдож зовохдоо тэтгэвэрт гарахдаа ирэхийг хэн ч хаах эрх байхгүй новшнуудаа
Бодит баыдоыг үнэн зөвөөр нь бичжээ. Эрх мэдэлтнүүд нэртэй өнөөгийн ухаан муутай эрх баригчид энэ дагуу ажиллахгүй бол болохоо байлаа. Ойлгох чадваргүй бол тэд вирус зөөсөөр байх болно.