Газрын тос олборлогчид эрэлт тогтвортой бус байгаа энэ үед олборлолтоо одоогийн хэмжээнд барьсан хэвээрээ байх юм бол сар хүрэхгүй хугацаанд агуулахууд дүүрэх нөхцөл байдал үүсээд буйг шинжээчид сануулж байна. Өнөөдрийн байдлаар Брент төрлийн нэг баррель газрын тосны үнэ 10.47 хувийн өсөлттэй байгаа бол Хойд Америкаас олборлодог, хүхрийн агуулга багатай WTI маркийн газрын тосны ханш 14.61 хувиар өсжээ. Газрын тосны үнэ ийнхүү сэргэж буй ч буцаж уруудах эрсдэл хэвээрээ байгаа. Ямар ч байсан агуулахуудыг зайтай үлдээхийн тулд ОПЕК-ийн бүлгийн орнууд гарцаа өдөрт 10 сая баррелиар бууруулна гэсэн шийдвэрээ ажил хэрэг болгох хэрэгтэй юм.
Ер нь бол газрын тосны үнийн хөдөлгөөн олон улсын анхаарлыг татсан сэдэв. ОПЕК-оос гаргасан газрын тосны үнийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн гарцаа бууруулах санаачилга ОХУ-ын дэмжлэгийг аваагүй нь тодорхой болсны дараа том тоглогчид ҮНИЙН ДАЙН эхлүүлэх нь гэсэн хүлээлт зах зээлд өнгөрсөн сард бий болж байсан. Харин одоогийн нөхцөл байдлыг харахад талуудын харилцаа хурцдаагүй ч коронавируснээс шалтгаалсан суурь эрсдэл үнийг хөдөлгөж байна.
Сэтгэгдэл ( 0 )