Ипотекийн зээлийг царцаах нь шинээр олгох зээлд нөлөөлнө

2020 оны 04 сарын 30

Монголбанкнаас гуравдугаар сарын байдлаарх эдийн засаг, банкны салбарын статистик мэдээллийг танилцууллаа.

Гуравдугаар сарын байдлаар банкуудаас иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 8.5 их наяд төгрөг байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.5 хувиар буурчээ. Харин хувийн байгууллагад олгосон зээлийн үлдэгдэл 8.3 их наяд төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс 3.2 хувиар өсжээ.

Ипотекийн зээлийн тухайд гуравдугаар сард банкууд 613 зээлдэгчид, 46.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ. Үүний 57 хувийг банкууд өөрийн эх үүсвэрээс,  43 хувийг хөтөлбөрийн эх үүсвэрээс санхүүжүүлсэн байна.

Гуравдугаар сарын байдлаар олгосон ипотекийн зээлийн жигнэсэн дундаж хүү 11.5 хувь болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад, 1.5 хувиар буурчээ.

Ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 4.6 их наяд төгрөгтэй тэнцүү. Үүний 74 хувийг хөтөлбөрийн зээл, 21.3 хувийг хөтөлбөрийн өөрийн эх үүсвэрийн зээл эзэлж байна.

Нийт ипотекийн зээлийн үлдэгдлийн 95.8 хувийг хэвийн зээл, 2.2 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 2 хувийг чанаргүй зээл эзэлж байна.

Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг зургаан сараар царцаах шийдвэр гарсантай холбоотойгоор банкууд иргэдээс зээлээ царцаах хүсэлтийг хүлээн авч байгаа. Хүсэлт авах сүүлийн хугацаа өнөөдөр. Уг шийдвэр хэрэгжсэнээр хөтөлбөрийн хүрээнд олгогдох шинэ зээлийн хэмжээнд  нөлөөлнө гэсэн мэдээллийг өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top