Коронавирусний эрсдэлт нөхцөл байдалтай байгаа энэ үед ОХУ-ын гаалийн байгууллага хэрхэн ажиллаж байгаа талаар тус улсын Холбооны гаалийн албаны нэгдүгээр орлогч дарга Р.В.Давыдов “RT”телевизэд ярилцлага өгчээ.
Тэрбээр “ОХУ-ын Засгийн газрын дарга Михаил Мишустины баталсан эхний ээлжинд авч хэрэгжүүлэх арга хэмжээний жагсаалтад гаалийн байгууллагаас хариуцан хийх хэд хэдэн ажил байгаа. Юуны түрүүнд, нэн тэргүүний хэрэгцээт барааг “ногоон коридор”-оор нэвтрүүлэх ажил юм. ОХУ-ын Аж үйлдвэрийн яамнаас 58 нэр төрлийн нэн тэргүүний хэрэгцээт барааны жагсаалт баталсан бөгөөд үүнээс 31 нь хүнсний бараа бүтээгдэхүүн, бусад 27 нэр төрлийн бараа нь нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, ариун цэврийн бараа, ариутгалын бодис. Эдгээр нэр төрлийн бараанд оочер дараалалгүй гаалийн бүрдүүлэлт хийх ажлыг зохион байгуулсан. Тус бараанд хийх гаалийн бүрдүүлэлтийг саатуулж, удаашруулж болзошгүй аливаа хүчин зүйлийг урьдчилан тооцож арилгасан бөгөөд бүрдүүлэлтийг дунджаар 1-2 цагт багтаан хийж байгаа. Үүнээс гадна манай байгууллага жилийн төлөвлөгөөнд заасан ажлуудаа амжилттай хэрэгжүүлж байна. Тухайлбал, ОХУ-ын Холбооны гаалийн албыг иж бүрэн хөгжүүлэх 2020 оны хөтөлбөрийн дагуу системийн хэмжээнд хийгдэж байгаа гаалийн бүрдүүлэлтийг цахим бүрдүүлэлтийн 16 төвд нэгтгэн төвлөрүүлэх ажлыг төлөвлөгөөнд заасны дагуу 2020 онд хийж дуусгана.
Сүүлийн хоёр долоо хоногт худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаа болон барааны эргэлтийн хэмжээ буурсан чиг хандлага ажиглагдаж байгаа хэдий ч барааны эргэлт экспорт талдаа ч, импорт талдаа ч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ойролцоо түвшинд байна. ОХУ-ын Холбооны гаалийн алба энэ жил 5.5 их наяд рубль улсын төсөвт төвлөрүүлэхээс оны эхнээс өнөөдрийг хүртэлх хугацаанд 1.3 их наяд рубль улсын төсөвт төвлөрүүлээд байна.
Энэ оны дөрөвдүгээр сарын 1-8-ны өдрийн хооронд 6.6 тэрбум ам.долларын үнийн дүнтэй 4.5 сая тонн хүнсний бараа бүтээгдэхүүн улсын хилээр импортолсон бол өнгөрсөн оны мөн хугацаанд 6.6 тэрбум ам.долларын үнийн дүнтэй 4.7 сая тонн хүнсний бараа бүтээгдэхүүн импортолсон.
Зарим нэр төрлийн барааг түргэвчилсэн бүрдүүлэлтээр хилээр нэвтрүүлж байгаа бол түүнтэй ижил буюу төстэй нэр төрлийн барааг ОХУ-ын Засгийн газрын 223 дугаар тогтоол болон Евразийн эдийн засгийн комиссын шийдвэрээр улсын хилээр гаргахыг хориглож байгаа. Үүнд, хүнсний бараа бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэл, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл хамаарна. Эдгээр нэр төрлийн барааг хилээр гаргахыг завдсан тохиолдлууд гарсаар байгаа.
Өнөөдрийн байдлаар 3.8 сая ширхэг бараа саатуулаад байна. Түүнчлэн олон улсын нисэх онгоцны буудалд хагас тонн жинтэй “амны хаалт” хилээр гаргах гэж байсныг саатуулсан.
Ихэнх хүмүүс үүссэн нөхцөл байдлыг ухамсарлан, хүлээж авч байгаа болохоор коронавирустэй холбоотой гаалийн хууль тогтоомжийн зөрчил огцом өссөн байдал одоогоор ажиглагдахгүй байна” гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )