ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 01

Өнөөдөр 2020.05.01. Энэ оны 121 дэх өдөр бол он дуусахад 245 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 34 минутад мандлаа. 20 цаг 05 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 24 хэм, шөнөдөө 7 хэмийн дулаан. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр. Улс орнуудад энэхүү өдрийг Майн нэгэн, Хөдөлмөрийн баяр, Хаврын баяр ч гэдэг. Гаднын орнуудаас өнөөдөр Казахстанд Ард түмний нэгдлийн өдөр, Хавайн арлуудад Хавай бүжгийн баярын өдөр юм.

Энэ өдөр Хятад, Америкийн кино найруулагч Жон Ву, Зөвлөлт болон Беларусын ардын жүжигчин Александр Ефремов, Америкийн гитарчин, хөгжмийн зохиолч бага Рэй Паркер, Германы алдарт хөл бөмбөгчин Оливер Бирхофф, “Грейгийн амьдралын 50 сүүдэр” киноны од, Их Британийн жүжигчин Жэйми Дорнан зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1931: Дотоод явдлын яамыг татан буулгажээ. Тус яамны үүргийг ардын засгийн газрын захирах, байгуулах хэлтэст шилжүүлсэн байна.

1993: Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхэлжээ. Сонгуульд МАХН-аас Л.Түдэв, Монголын ардчилсан намаас П.Очирбат нар Ерөнхийлөгчид өрсөлдөхөөр нэр дэвшив.

1997: Монгол Улсын Засгийн газар импортын барааны гаалийн татварыг “тэглэв”.

2010: Монгол, Хятад улсын хамтарсан Соёлын төв байгуулахыг санал нэгтэйгээр зөвшөөрч, харилцан гарын үсэг зурсан байна.

2015: “Монголын цахим сэтгүүлзүйн анхдугаар форум” Төрийн ордонд болжээ. Форумаар “Улаанбаатарын цахим тунхаг”-ийг батлав.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1978: Их Британид анх удаагаа Тавдугаар сарын 1-нийг улсын баяр гэж тэмдэглэжээ.

Мөн оны энэ өдөр Японы иргэн Наоми Уэмура дэлхийд анх удаагаа нохой чаргаар Хойд туйлд хүрчээ.

1979: Элтон Жон дэлхийн хэмжээний эстрадын оддоос анх удаагаа Израильд тоглолтоо хийжээ.

Энэ өдөр үс засуулбал нас уртасна гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр хулгана, бич жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд үйл хэрэгтээ болгоомжтой хандаарай. Энэ өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, хишиг даллага дуудуулах, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дархны үйлд сайн. Харин гүүр тавих, газар шороо ухахад таагүй.

Хол газар явах бол зүүн зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top