КОВИД 19 | Хэрэглэгчдийн итгэл огцом БУУРЧЭЭ

2020 оны 05 сарын 05

Коронавирусний тархалтаас сэргийлэх үүднээс хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд эдийн засгийг агшааж, ажлын олдцыг бууруулснаар хэрэглэгчдийн өнөөгийн байдлын талаарх үнэлэмж буурсныг судалгаа харуулж байна.

Иргэдийн эдийн засгийн ӨНӨӨГИЙН  байдлын үнэлэмж болон ИРЭЭДҮЙН төлөв байдлын хүлээлтийн талаарх мэдээллийг агуулдаг “Хэрэглэгчийн итгэлийн индекс”-ийн шинэ судалгаанаас харахад 2020 оны нэгдүгээр  улиралд хэрэглэгчдийн эдийн засагт итгэх итгэл огцом буурчээ.

 

ХИИ ба түүний бүрэлдэхүүн индексүүд

 

Нэгдүгээр улиралд Хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ) 81 байгаа нь жилийн өмнөхөөс 14 пунктээр доогуур үзүүлэлт аж. 2019 оны  дөрөвдүгээр улирлын судалгаагаар Монгол Улсын ХИИ өмнөх оны мөн үеэс 4.1 пунктээр өсөж,  94 болсон байсан.  Харин 2019 оны гуравдугаар улирлын байдлаар  83.5 байв.

Бизнесийн нөхцөл болон хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдлын талаарх хэрэглэгчдийн үнэлэмжийг харуулдаг өнөөгийн байдлын индекс энэ улиралд  56-аас 49 болж буурчээ.

 Хэрэглэгчдийн бизнес, орлого болон хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдлын талаарх ойрын ирээдүйн хүлээлтийг харуулдаг хүлээлтийн индекс 121-ээс 103 болж огцом буурсан байна.

 Цар тахлын хүрээ дэлхий даяар өргөжиж байгаагийн улмаас бизнесийн нөхцөл болон ажлын олдцын талаарх тодорхой бус байдал нэмэгдэж, хэрэглэгчдийн итгэл буурсан гэж судлаачид үзэж байна.

Сануулахад, Хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгааг 2009 оноос эхлэн жил тутам хийгдэж эхэлсэн. МУИС-ийн Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв болон Эн-Ар-Си-Си судалгаа, зөвлөгөөний компани хамтран хийдэг юм.

ТОДОТГОХОД: Хэрэглэгчийн итгэлийн индекс нь хэрэглэгчийн итгэлийг хэмждэг макро эдийн засгийн түрүүлэгч индекс. Хэмжихдээ өрхийн санхүү, ажлын байрны олдоц, бизнесийн нөхцөлийн хүлээлтээр хэмждэг. Харин эдгээр  хүчин зүйлсийн хүлээлтэд юу нөлөөлөв гэдэг нь илүү өрхийн түвшний судалгаа болно. Тэгэхээр Хэрэглэгчийн итгэлийн индексийн  мэдээллийг ашиглахдаа яагаад ирээдүйн бизнесийн нөхцөл болон өрхийн орлогын талаараа өрхүүд гутранги хүлээлттэй байгааг тодруулах гэхээсээ илүүтэй энэ нь цаашид бизнесийн байгууллагууд, бодлого боловсруулагчдад юу гэсэн дохио вэ гэдэг талаас нь харвал зүгээр. Хэрэглэгчийн итгэлийн индексийн утга 2016 оноос хойш өсөлттэй байсан хэдий ч 100 гэдэг утгандаа 2014 оноос хойш хүрээгүй. Хэрэглэгчийн итгэлийн индексийн утга 100 байгаа үед бид эдийн засаг хэвийн байна гэж үзнэ. 100-аас бага байгаа үед хэрэглэгчид гутранги байна гэж үзнэ. Тэгэхээр 2016 оноос хойш Хэрэглэгчийн итгэлийн индекс өсөж байгаа ч 100 буюу хэвийн түвшиндээ хараахан хүрээгүй гэдгийг судлаач хэлж буй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top