КОВИД 19 | Гүний уурхайн барилгын ажил нэмж хойшлох магадлалтай

2020 оны 05 сарын 05

 

Оюутолгойн Гүний уурхайн барилгын ажил 16-30 сараар хойшилж, 1.2-1.9 тэрбум ам.доллароор капитал зардал өсөх урьдчилсан тооцооллыг хөрөнгө оруулагчдын зүгээс 2019 оны долоодугаар сард зарласан.

Тэгвэл  “КОВИД 19”-тэй холбоотой хязгаарлалтууд хэр удаан үргэлжлэхээс шалтгаалан хуваарьт нөлөө үзүүлэх магадлалтай гэсэн мэдээллийг “Оюу толгой” компанийн зүгээс өгч байна.

Компанийн мэдээлэлд:  

Хувьцаа эзэмшигчдийн зүгээс 2020 оны гуравдугаар сарын 16-нд мэдээлснээр гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж, онцгой ахиц гарган ажиллаж байна. Гуравдугаар сард 1939 метр малталт хийжээ.

“КОВИД 19”-ийн тархалтыг зогсоох ажлын хүрээнд хөдөлгөөн хязгаарласнаас үүдэн мэргэжилтнүүдийг уурхайн талбарт авчрах, бараа бүтээгдэхүүн татан авахад асуудал тулгарсан зэргээс үүдэн бүтээн байгуулалтын явц саарсан.

Агааржуулалтын урд болон хойд амын тусгай төхөөрөмжүүдийг (техникийн) ашиглалтад хүлээн авах болон эдгээр амын нэвтрэлт, малталтыг эхлүүлэх мэргэжилтнүүд уурхайн талбарт ирэх хүртэл тухайн амнуудад засвар үйлчилгээ, арчилгааны ажлууд түр хийхээр болсон. Түүнчлэн гүний уурхайн материал зөөвөрлөх чухал дэд бүтцийн ажлууд тэр дундаа нэгдүгээр анхдагч бутлуурын барилгын ажил удааширч, зөвхөн өдрийн ээлжийнхэн ажил гүйцэтгэж байгаа.

Шинээр ашиглалтад оруулсан троссны ердийн суналт нь Үйлдвэрлэлийн амны өргүүрийн бүтээмжид нөлөөлж болох ба “КОВИД 19”-өөс болж гадаад мэргэжилтнүүдийн Оюу толгойн уурхайн талбар руу ирэх аялал хязгаарлагдсанаас шалтгаалан гүний уурхайн өргөтгөл малталт 30 хувиар удаашрах магадлалтай.

Мэргэжлийн ажилтнууд уурхайн талбарт ирж тохиргооны ажлыг хийх хүртэл өргүүрийг ашиглах хугацааг уртасгах зорилгоор өргүүрийн даац болон хурдыг сааруулсан. Уурхайн удирдлагууд нөхцөл байдал хяналтад байгаа гэж үзэж байгаа хэдий ч шаардлагатай байгаа мэргэжилтнүүд хоёрдугаар улирлын эцэс гэхэд уурхайд ирэх боломжгүй болбол энэ нь төслийн бүтээн байгуулалтын ажилд нөлөөлөхөөр байна. Үйлчилгээний өргүүрээр хүн болон материал тээвэрлэх ажил хэвийн үргэлжилж байна.

Уурхайн шинэчилсэн зураг төслийг энэ оны эхний хагаст дуусгаж, хоёрдугаар хагаст зардал, хуваарийн Нарийвчилсан үнэлгээг гаргах төсөөлөлтэйгөөр ажиллаж байна. Үүнд олборлолтын эхний панел буюу “Панел 0”-ийн шинэчилсэн зураг төсөл дээр суурилж гаргах гүний уурхайн төслийн капитал зардал болон хуваарийн тооцоолол багтана гэжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
su ah(202.179.25.203) 2020 оны 05 сарын 06

Mongold yamar ch ashiggui naad togloomoo hugacaa aldalgui zogsoo. Tegeed naanaa baigaa hariinhniig eh ornoos mini huuj garga Battulga Hurelsukh 2 oo

0  |  0
Top