Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2020.05.04/ Улсын онцгой комисс (УОК) болон Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ны гишүүдтэй цаг үеийн асуудлаар уулзаж, ярилцлаа.
Гадаадад байгаа иргэдийн асуудлаар:
Коронавируст цар тахлын үед гадаадад байгаа монгол иргэдийн нөхцөл улам хүндэрч, амьжиргаа нь тасалдахад хүрсэн тул хүсэлт гаргасан иргэдийг эх оронд нь авчрах ёстой гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж байна.
Тухайлбал, Энэтхэг улсад байгаа монгол иргэд коронавирусний халдвар авах өндөр эрсдэлтэй, наад захын хүнсний хомсдолтой тулгарч байгаа тул Энэтхэгээс иргэдээ татах, ингэхдээ “МИАТ” компани тус улс руу нислэг үйлдэх боломжгүйг харгалзан үзэж, Энэтхэгийн компаниар нислэг хийлгэх боломжийг судалж, шийдвэрлэх чиглэлийг УОК-ын дарга Ө.Энхтүвшинд өглөө.
Энэ маягаар шууд нислэг үйлддэггүй улс орнуудаас иргэдээ татах боломж бүрдвэл олон улсын нислэг үйлдэх боломжтой орон нутгийн байр, боловсон хүчнийг ашиглан ачааллыг хуваарилах санал гаргасныг УОК-ын гишүүд хэрэгжүүлж боломжтой гэсэн бөгөөд энэ чиглэлд анхаарч ажиллахаар боллоо.
Мөн уулзалтаар төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинд тохирсон орон сууцны зээлийн бодлого гаргах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, түүний хэрэгжилтийн талаар санал солилцлоо. Монгол Улсын Ерөнхиийлөгч Х.Баттулга цар тахалтай холбогдуулан боловсруулж, баталсан нэг удаагийн хуульд хүргүүлсэн саналдаа энэ асуудлыг тусгасан бөгөөд хэрэгжилтийг түргэн шуурхай хангаж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад чиглэл болгов.
Сонгуулийн асуудлаар:
СЕХ-ноос УИХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Гэсэн ч намууд нэр дэвшигчээ тодруулах, сонгуулийн сурталчилгаа эхлэх, санал өгөх өдөр гэсэн томоохон бөөгнөрөл, цугларалтыг цар тахлын үед хэрхэн зохион байгуулах талаар тодорхой дүрэм, журам гаргаагүй байна.
Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахлын сонгуулийн үед дагаж мөрдөх журмыг нарийвчлан гаргаж, аливаа эрсдэл гаргасан үйлдэлд хүлээлгэх хариуцлагыг холбогдох эзэнтэй нь тодорхой болгож, ойрын хугацаанд боловсруулах санал хэллээ.
Түүнчлэн цар тахлын үед зохион байгуулах гэж буй УИХ-ын ээлжит сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигчид нийлээд 474 гаруй тэрбум төгрөг зарцуулах урьдчилсан тооцоо байгааг анхааралдаа авч, хямралын нөхцөлд үр ашиггүй зардал гаргахаас зайлсхийх хэрэгтэйг онцоллоо.
Уулзалтад УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, мөн гишүүд оролцов.
Сэтгэгдэл ( 2 )
Ямар ч улс оронд очсон байсан ч мөнгөнөөс эхлээд айлд удаан байх ямар хэцүү байдаг билээ дээ. Ядаж нэг хонох биш хэдэн сараар байвал нүд үзүүрлэхээс эхлээд зовлон их байдгийг ойлгох хэрэгтэй. Гадаад оронд юмны үнэ тоглоом биш шүү дээ. Тэгэхээр хоолтой хоолгүй байгаа иргэдээ ялгаварлахгүй авчирах хэрэгтэй гэж бодож байна.
Үнэн хүсэлт гаргасан бол нутагт нь буцаах хэрэгтэй заавал өвчтэй тахир дутуу байх шаардлагатай шүү дээ . Одоо л манайхан иргэдээ зөвөөр ойлгож эхлэж байгаа юм байна