ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 08

Өнөөдөр 2020.05.08. Энэ оны 128 дахь өдөр бол он дуусахад 238 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 23 минутад мандлаа. 20 цаг 14 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүл багасна. Өдөртөө 15 хэм, шөнөдөө -1 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгийн өдөр. Улс орнуудаас Украинд Дурсгал, эвлэрлийн өдөр бол Өмнөд Солонгост Эцэг эхчүүдийн өдөр, Норвегид Ахмад дайчдын өдөр тохиож байна.

Өнөөдөр Оросын нэрт кино найруулагч Валерий Тодоровский, Испанийн алдарт дуучин Энрике Иглесиас, Америкийн дуучин Кэндис Найт, Австралийн дуучин Даррен Хэйз, Украины дуучин, продюсер Потап, Италийн хөл бөмбөгчин Андреа Барцальи зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1913 оны энэ өдөр Хаант Орос улсаас Бага даргын сургуульд хэрэглэх зэвсгийг хүлээж авчээ.

1925 оны энэ өдөр Монголын пионерийн байгууллага байгуулагдав. МХЗЭ-ийн Төв хорооны дэргэд байгуулагдсан энэ байгууллагын анхны удирдагч нь Д.Нацагдорж байлаа.

1937 оны энэ өдөр Улсын хэвлэлийн хэрэг эрхлэх газрын дэргэд “Улсын номын худалдааны газар” байгуулагджээ.

2013 оны энэ өдөр Ардчилсан намын Их хурал хуралджээ. Хурлаар Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр баталгаажуулав.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1950 оны энэ өдөр Францын эмэгтэйчүүдэд зориулсан “Elle” сэтгүүл 15 настай Брижит Бардогийн зургаар нүүрээ чимжээ.

1960 оны энэ өдөр Куба болон ЗСБНХУ дипломат харилцаа тогтоов.

1970 оны энэ өдөр “The Beatles” хамтлагийн “Let It Be” диск гарчээ.

1976 оны энэ өдөр “ABBA” хамтлаг гурав дахь удаагаа Их Британийн хит парадыг “Fernando” дуугаараа тэргүүлэв.

1978 оны энэ өдөр Италийн уулчин Райнхолд Месснер, Австрийн уулчин Петер Хабелер нар Эверестийн оргилд анх удаагаа хүчилтөрөгчийн аппаратгүйгээр авирчээ.

Энэ өдөр үс засуулбал өвчин ирнэ гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр хонь жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд үйл хэрэгтээ анхаарал болгоомжтой хандаарай. Энэ өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, хараал жатга буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Харин газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдаж авахад таагүй.

Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top