ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 14

Өнөөдөр 2020.05.14. Энэ оны 134 дэх өдөр бол он дуусахад 232 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 15 минутад мандлаа. 20 цаг 22 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 23 хэм, шөнөдөө 8 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Парагвайд Төрийн далбааны өдөр бол Израильд Тусгаар тогтнолын өдөр, Филиппинд Үндсэн хуулийн өдөр, Либерид Үндэсний эв нэгдлийн өдөр тохиож байна.

Өнөөдөр Америкийн кино найруулагч Жорж Лукас, “Facebook”-ийг үндэслэгч, “Facebook” компанийн Ерөнхий захирал Марк Зукерберг, Австралийн жүжигчин Кэйт Бланшетт, Францын жүжигчин Патрик Брюэль, Английн жүжигчин Тим Рот, Оросын театр, киноны жүжигчин Ярослав Бойко, Америкийн кино найруулагч, Оскарын шагналт Софья Коппола зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1956 оны энэ өдөр БНМАУ, БНАСАУ-ын хооронд соёлын талаар хамтран ажиллах хэлэлцээр байгуулжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1878 оны энэ өдөр вазелин гэх нэрийг патентжуулжээ. Вазелиныг Америкт цагаачилж очсон Английн иргэн Роберт Чезбро бий болгосон байдаг.

1900 оны энэ өдөр Парист Олимпын II наадам нээлтээ хийв. Энэ Олимпод анх удаагаа эмэгтэйчүүд оролцсон юм. Анхны эмэгтэй Олимпын аваргаар Английн теннисчин Шарлотте Купер тодорсон билээ.

1948 оны энэ өдөр Израиль улс тусгаар тогтнолоо зарлажээ.

1998 оны энэ өдөр “Ассошэйтед Пресс” агентлаг 150 жилийн ойгоо тэмдэглэв.

Энэ өдөр үс засуулбал идээ ундаа элбэг олдоно гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр тахиа жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Энэ өдөр сүм дуган сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Харин архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх, ургаа мод таслах, гөлөг тэжээх, байшингийн суурь тавихад таагүй.

Хол газар явах бол баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top