Токиогийн шилдэг ресторануудын ахлах тогооч нар хүнс үйлдвэрлэгчидтэй хамтран коронавирусний халдвар авсан өвчтөнүүдийг эмчилж буй эмч, сувилагч нарт хоол хүнс бэлтгэж, талархал илэрхийлж байна.
Франц хоолны “Sincère” рестораны эзэн Шинсүкэ Ишии олон нийтийн сүлжээнд эмч нарт хоол хүргэх санаачилга гаргаснаар энэ төсөл өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-нд эхэлжээ. Түүний санаачилгыг ресторан, хүргэлтийн үйлчилгээний дөрвөн компанийг нэгтгэсэн “CITABRIA” компанийн эзэн Сатоши Ишида дэмжжээ. Долоо хоногийн дараа эмч, сувилагчдад шилдэг тогооч нарын хоол хүрч, төсөл хурдацтай дэмжлэг авч эхэлсэн байна. Өдгөө төсөлд 10 шилдэг рестораны ахлах тогооч нар оролцож байгаа бөгөөд Токио хотын 47 эмнэлгийг хамарчээ. Төсөлд 20 гаруй компани нэгдэж, хандив цуглуулан, хүргэлтийн зардлыг хариуцаж байгаа аж. Олон улсын зэрэглэлтэй ахлах тогооч нар үнэгүй ажиллаж байгаа гэнэ.
Япон улсад эмч, сувилагч нарыг дэмжсэн олон төрлийн сайн санааны арга хэмжээ зохион байгуулж байна. Сайн дурынхан эмч, сувилагч нарт зориулан халаат оёж өгч байгаа бол “Mitsubishi”, “Nissan”, “Mitsui Chemical”, “Kawasaki Heavy Industries” корпорацууд халаат, амны хаалт, хамгаалалтын хэрэгсэл үйлдвэрлэж байна. Японы хотуудад үдэш бүр Дундад зууны үеийн шилтгээн, орчин үеийн тэнгэр баганадсан өндөр барилга, цамхаг, гүүрийг цэнхэр өнгөөр гэрэлтүүлэн, эмч, сувилагч нарт талархал илэрхийлж байна. Цэцгийн дэлгүүрүүд эмнэлгүүдэд сарнай цэцгийн баглаа хүргүүлж байгаа бол гутлын дэлгүүрүүд эмч, сувилагч нарт гутал бэлэглэж байгаа аж. Иокохама хотод “Эмнэлгийн ажилтнууддаа баярлалаа. Биеэ бодоорой. Харин бид халдварыг тархаахгүй байхын төлөө хичээх болно” гэсэн бичиг бүхий самбар байрлуулжээ.
Сэтгэгдэл ( 0 )