КОВИД-19 | Хил залгаа улсуудад халдвар нэмэгдэж байгаа учир АНХААРАЛТАЙ БАЙ

2020 оны 05 сарын 25

Дэлхийд коронавирусний халдварын тохиолдлын тоогоор АНУ, Бразил, ОХУ гурав тэргүүлсээр байна. АНУ-д нийт халдварын тоо өнөөдрийн /2020.05.25/ байдлаар 1.6 сая хол давсан бол Орост 344 мянгад хүрч, Бразилд 365 мянга болж, аюулын харанга дэлдлээ. Энэтхэг улсад мөн шинэ тохиолдлын тоо түгшүүртэй байдал үүсгэжээ.

Сингапурт илэрсэн 500 гаруй шинэ тохиолдлын гурав нь л дотоодын халдвар, бусад нь гадаад ажилчдын дотуур байрны халдвар аж. Өмнөд Солонгост шөнийн клубүүдийн голомтот халдвар нийт 225 хүнийг хамарчээ. Тэдний 96 нь шөнийн клубээр үйлчлүүлсэн иргэд бол бусад нь тэднээс халдвар авсан ойрын хавьтлууд юм.

Тэгвэл Токиод шинэ халдварын тоо тууштай буурч байгаа нь онц байдлыг цуцлах шалгуурт нийцэж байгаа учир зарим газар онц байдлыг цуцалж магадгүй байна.

Хятадад бүртгэгдсэн шинэ тохиолдлын 10 нь Өвөр Монголд гаднаас зөөвөрлөгдөж ирсэн тохиолдол аж. Мөн хөрш ОХУ-ын мужууд, Буриад улс, Эрхүүд халдварын тоо огцом өсөх зэргээр хил залгаа улсуудад сүүлийн нэг хоногийн дотор халдвар нэмэгдэж байгаа учир сонор сэргэмжээ өчүүхэн ч сулруулахгүй, бага насны хүүхдийг гадуур дагуулж явахгүй байхыг ЭМЯ-наас анхаарууллаа.

 

Top