ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2020 оны 05 сарын 26

Өнөөдөр 2020.05.26. Энэ оны 146 дахь өдөр бөгөөд он дуусахад 219 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань наран 05 цаг 02 минутад мандлаа. 20 цаг 37 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй, өдөртөө 20 хэм, шөнөдөө 3 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дани улсад Угсаа залгамжлах хунтайжийн өдөр бол Гүржид Тусгаар тогтнолын, Польшид Ээжүүдийн, Австралид Үндэсний уучлалын өдөр юм.

Энэ өдөр Их Британийн зохиолч, утга зохиол шүүмжлэгч Алан Холлингхёрст, Дани, Америкийн кино найруулагч Уле Борнедаль, Америкийн дуучин Ленни Кравиц, Лорин Хилл, Английн жүжигчин Хелена Бонэм Картер, Оросын эстрадын дуучин Анжелика Варум, Америкийн жүжигчин Мэтт Стоун, Италийн хөл бөмбөгч Лука Тони зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1981: МАХН-ын 18 дугаар Их хурал хуралджээ. Хурлаар БНМАУ-ын улс, ардын аж ахуй, соёлыг 1981-1985 онд хөгжүүлэх долоодугаар таван жилийн төлөвлөгөөний удирдамжийг батлав.

1998: Орхон аймгаас Завханы чиглэлд нислэг үйлдэхээр хөдөлсөн “МИАТ” компанийн “Ю-12” онгоц Хөвсгөл аймгийн Галт сумын нутагт оршдог Байшинт ууланд осолдож, 28 хүний амь нас үрэгджээ. Эдгээрийн долоо нь 0-4 насны хүүхдүүд байсан юм.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1947: ЗСБНХУ-д цаазаар авах ялыг цуцлав. Гэхдээ 1950 онд сэргээсэн.

1966: Гайана Их Британиас тусгаар тогтнов.

1980: Унгарын анхны сансрын нисэгч Берталан Фаркаш “Союз-36” хөлгөөр хөөрчээ.

1999: Энэтхэгийн арми Жамму болон Кашмир мужид “Вижай” ажиллагааг эхлүүлэв. Ийнхүү Каргилийн дайн эхэлжээ.

Энэ өдөр үс засуулбал бие эрхтний хүч сайжирна.

Өнөөдөр үхэр жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Буян номын үйл эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, шинэ гэр, байр авах, хараал жатгыг буцаах, газар лусын зан үйл, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Харин ургаа мод таслах, газрын ам нээхэд таагүй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай юм.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны өнөөдрийн ажил үйлсэд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top