КОВИД-19 | Агааргүй орчинд байхаас татгалзаарай

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 26

Дэлхий дахинд коронавирусний халдварын тохиолдлын тоогоор АНУ, Бразил, ОХУ тэргүүлсээр байна. Орост хоногт 15 мянга гаруй шинэ тохиолдол илэрч, 620 нас баралт бүртгэгдсэн нь өмнөх өдрүүдтэй харьцуулахад буурсан үзүүлэлт аж. Бразилд шинээр 807 нас баралт бүртгэгдсэн нь АНУ-ын нэг өдрийн нас баралтыг давж гарсан үзүүлэлт юм.

Мөн Перу, Чилид халдварын тархалт өндөр, Африкийн орнуудаас ӨАБНУ-д халдварын тоо хамгийн өндөр байгаа аж. Тэгвэл Номхон далайн баруун бүсэд Өмнөд Солонгост хоногт хоёр нас баралт, 19 шинэ тохиолдол бүртгэгджээ. Тэдний 16 нь дотоодын халдвар бол гурав нь гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна. Сөүлийн шөнийн клубээс голомтолсон халдвар нийт 230 хүнийг хамарсан талаар Солонгосын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдээлжээ.

Харин Япон улсад онц байдлыг үндэсний хэмжээнд цуцлах шийдвэр гаргажээ. Япон улсын Засгийн газраас иргэддээ гурван дүрмийг баримтлахыг зөвлөж байгаа юм. Агааргүй орчинд байхаас татгалзах, хүн олноор цуглардаг газраар явахгүй байх, хүмүүстэй ойрын зайнаас харилцахгүй байх гэсэн гурван дүрмийг чандлан мөрдөхийг сануулжээ.

ДЭМБ болон түншлэгч байгууллагууд хамтран коронавирусний эсрэг эмийн олон улсын эмнэл зүйн туршилтыг эхлүүлсэн. Дэлхийн 100 гаруй улс орон эмнэл зүйн туршилтад хамрагдах хүсэлтээ илэрхийлжээ.

Түүнчлэн коронавирусний эсрэг үр дүнтэй гэгдэж байсан хумхааны эсрэг эмчилгээний эмүүдийн эмнэл зүйн туршилтыг түр зогсоохоор болсон байна. Хумхааны эм нь коронавирустэй өвчтөнд нас баралтын эрсдэлийг нэмэгдүүлдэг байж болзошгүй гэнэ. Коронавирусний эсрэг үйлчлэлтэй “Ремдезивир” болон бусад ийм төрлийн эмийн эмнэл зүйн туршилт үргэлжилсээр байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top