ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2020 оны 05 сарын 28

Өнөөдөр 2020.05.28. Энэ оны 148 дахь өдөр бөгөөд он дуусахад 217 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 00 минутад мандлаа. 20 цаг 39 минутад жаргана.

Улаанбаатар хотод бороо шивэрнэ. Өдөртөө 19 хэм, шөнөдөө 2 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Хорватад Зэвсэгт хүчний өдөр, Азербайжанд Бүгд найрамдах улсын өдөр, ОХУ, Беларусь, Киргизэд Хилчдийн өдөр, Филиппинд Төрийн далбааны өдөр тохиож байна.

Өнөөдөр Америкийн жүжигчин, дуучин, кино найруулагч Сондра Локк, Австралийн поп дуучин Кайли Миноуг, Италийн жүжигчин Кьяра Мастроянни, Их Британийн жүжигчин Кэри Маллиган, Германы хаалгач Ханс Йорг Батт, Английн хөл бөмбөгч Кайл Уолкер, Францын хөл бөмбөгч Александр Лаказетт зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

2007 оны энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболд, БХЯ-ны сайд М.Сономпил нар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНХАУ-ын Цэргийн төв хорооны гишүүн, ХАЧА-гийн жанжин штабын дарга Лян Гуанлитэй тус тус уулзжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1863 оны энэ өдөр Бостонд Америкт анх удаагаа зөвхөн өнгөт арьстай цэргүүдээс бүрдсэн хороо байгуулав.

1918 оны энэ өдөр Армен улс тусгаар тогтнолоо зарлажээ.

Мөн оны энэ өдөр Азербайжан улс тусгаар тогтнолоо зарлаж, Азербайжаны Ардчилсан Бүгд Найрамдах Улс байгуулагдав.

1976 оны энэ өдөр Москва хотод ЗХУ болон АНУ-ын хооронд энхийн зорилгоор газар доор цөмийн туршилт хийх гэрээ үзэглэжээ.

1993 оны энэ өдөр Монако улс НҮБ-ын 182 дахь гишүүн болов.

Мөн оны энэ өдөр Эритрей улс НҮБ-ын гишүүн болжээ.

Өнөөдөр үс засуулбал өнгө зүс сайжирна гэж дорнын зурхайд буужээ.

Энэ өдөр гахай, туулай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Өнөөдөр хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдаж авах, хануур төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн бол архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх, уул овоо тахихад таагүй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай юм. Хол газар явах гэж байгаа хүмүүс урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top