КОВИД-19 | Онлайнаар худалдаа хийхдээ анхааралтай ханд

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 01

Дэлхий дахинд АНУ, Бразил, ОХУ, Их Британи, Испани, Итали, Герман улс коронавирусний халдварын тохиолдлын тоогоороо тэргүүлсээр байна. Бразилд 24 цагийн дотор 16 мянга гаруй тохиолдол нэмж бүргэгдэж, 480 хүн нас баржээ.

АНУ Бразилд тусламж болгон хумхааны эсрэг эм илгээсэн байна. Уг эмээр АНУ, Бразилын хамтарсан эмнэл зүйн судалгаа эхэлжээ.

Өмнөд Солонгост хоногт 35 тохиолдол, нэг нас баралт бүртгэгджээ. Тус улсад илэрсэн шинэ тохиолдлуудын 30 нь дотоодын халдвар бөгөөд цахим худалдааны ложистик төвтэй холбоотой аж. Тус төвөөс голомтолсон нийт халдвар 111 болсон бол Сөүлийн шөнийн клубээс эхтэй 270 тохиолдол батлагдаад байна.

Хятадад хоногт 16 шинэ тохиолдол бүртгэгджээ. Сингапурт илэрч байгаа тохиолдлуудын дийлэнх нь гадаадын цагаач ажилчдын дотуур байрнаас гаралтай юм.

Өмнөд Солонгост цахим худалдааны төвөөс голомтлон тархсан халдвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор ДЭМБ хүмүүст онлайнаар худалдаа хийхдээ анхааралтай хандах, бараа, эд зүйлээ аваад савантай болон белизнатай усаар ариутгах зэрэг дүрмийг сахих хэрэгтэйг анхааруулж байна. Мөн өвчлөл өндөртэй орнуудаас онлайн худалдаа хийхгүй байхыг санууллаа. Өмнөд Солонгост цахим худалдааны төвд ажиллаж байсан хүмүүсийн хувцас хэрэглэл, гутлын улнаас нь хүртэл коронавирус илэрсэн байна.

Түүнчлэн Испани улс өвчлөлийн голомт болж байсан орон тул аюул арилаагүй гэж үзэж, хөл хориогоо сунгажээ. Коронавирусний халдвар буурч байгаа ч анхаарлаа огтхон ч сулруулж болохгүйг Засгийн газраас нь анхааруулсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top