КОВИД-19 | Хүмүүстэй ойрын зайнаас харилцах үедээ заавал маск зүү

2020 оны 06 сарын 02

Дэлхий дахинд коронавирусний халдварын тархалт ямар байгаа талаар мэдээлэл хүргэе.

АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдээлснээр тус улсад нэгдүгээр сарын 20-нд коронавирусний анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш нийт 1.8 сая гаруй хүн халдвар авчээ. Нью-Йорк муж халдварт хамгийн их өртсөн бөгөөд халдварын тохиолдол 100 мянга давсан хэд хэдэн муж байгаа аж.

ДЭМБ-аас Төв болон Өмнөд Америкт халдвар эрчимтэй тархаж байгаа, оргил үедээ хүрэх хараахан болоогүй байгааг мэдээлжээ.

Тэгвэл хойд хөрш ОХУ халдварын тоогоороо дэлхийд гуравдугаарт явж байгаа ч Москвад хязгаарлалтын арга хэмжээг үе шаттайгаар цуцална гэсэн байна. Орост “Авифавир” эмийг халдвартай өвчтөнүүдийн эмчилгээнд нийлүүлж эхлэх аж.

Энэтхэг улсад халдварын тоо нэмэгдсээр байна. Тус улс нийт тохиолдлын тоогоороо дэлхийд долоодугаарт бичигдэж байгаа юм. Иранд мөн халдварын тархалт өссөн хэвээр байна.

БНХАУ-д хоногт коронавирусний халдвар гаднаас зөөвөрлөгдөж ирсэн тав, шинж тэмдэггүй 10 илэрчээ.

ДЭМБ өдөр бүр хийдэг хэвлэлийн хурлаараа шинэ төрлийн коронавирусний халдварын дамжих зам болон хэлбэрт ямар нэгэн өөрчлөлт ороогүй байгааг мэдэгджээ. Вирус мутацид орж байгаа ч халдварлуулах замд өөрчлөлт ороогүй тул хүмүүс хоорондоо зайтай байх, ойрын зайнаас харилцах үедээ тогтмол амны хаалт зүүж хэвших, нүүр ам, салстдаа бохир гараа хүргэхгүй байх зэрэг энгийн дэглэмүүдийг сахиснаар халдварын тархалтыг зогсоож чадна. Түүнчлэн коронавирус хүнсний бүтээгдэхүүн дээр 15-17 цаг байдгийг судлаачид анхааруулж байна. Иймээс ил задгай байдлаар худалдаалагддаг, өөрсдөө ууталж авдаг бүтээгдэхүүнийг сонгох үедээ хүмүүс хоорондоо ярьж байдгийг санаж, эрүүл ахуйн дэглэмийг сайтар мөрдөөрэй.

 

Top