КОВИД-19 | Энэтхэгт “Ремдезивир” эм үр дүнгээ өгч байна

2020 оны 06 сарын 03

Дэлхий дахинд коронавирусний халдварын нөхцөл байдал ямар байгаа, цар тахлын тархалттай хэрхэн тэмцэж байгаа талаарх мэдээллийг хүргэе.

АНУ-д хоногт өвчлөлийн 14700 гаруй шинэ тохиолдол, 761 нас баралт бүртгэгдэж, нийт 1.8 сая гаруй хүн халдвар авсан талаар тус улсын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдээлжээ.

Бразил улс халдварын тохиолдлын тоогоороо АНУ-ын дараа дэлхийд хоёрдугаарт явж байна. Тус улсад хоногт 28900 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 558 мянга гаруй хүн өвчилжээ.

Коронавирусний халдварын тоогоороо дэлхийд гуравт явж байгаа ОХУ-д хоногт 8800 гаруй шинэ тохиолдол, 182 нас баралт бүртгэгджээ. Нийт батлагдсан халдварын тоо 424 мянга руу дөхөж байна.

Халдварын тархалт өндөр байгаа Энэтхэг улсад “Ремдезивир” эм, тарилгыг хэрэглэж байгаа бөгөөд тус улсын Засгийн газар “Ремдезивир” эмийг өндөр үр дүн өгч байна гэжээ.

Коронавирусний халдварын голомт болсон Хятадын Ухань хотод нийт оршин суугчдыг шинжилгээнд хамруулж дуусгасан байна. Хонконгт хоногт зургаан шинэ тохиолдол илэрсэн бол Японд 37 шинэ тохиолдол илэрсний 36 нь дотоодын халдвар байжээ. Италид төмөр замаар зорчигчдын халууныг заавал шалгаж оруулж байгаа бөгөөд биеийн хэм 37-гоос дээш бол галт тэргэнд суулгахгүй.

 

Top