КОВИД-19 | Хил орчмын нутгаар сэлгүүцэхгүй байхыг анхааруулж байна

2020 оны 06 сарын 07

Хойд хөрш ОХУ-д коронавирусний халдварын тархалт өссөн хэвээр байна. Ялангуяа Монгол Улстай хиллэдэг Тувад “COVID-19”-ийн халдварын тархалт өндөр байгаатай холбоотойгоор ЭМЯ иргэдэд амны хаалтаа сайтар зүүж, гараа савандаж угаан, хил орчмын нутгаар сэлгүүцэхгүй байхыг анхаарууллаа.

Сүүлийн үед иргэд амны хаалтаа зүүхгүй байна гэсэн гомдол ихээр ирэх болжээ. ДЭМБ маскийг хэрхэн зөв зүүх талаар шинэчилсэн зөвлөмж гаргасны дагуу өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалахыг нийт иргэддээ уриалж байна.

Дэлхий дахинд нийт халдварын тоогоороо АНУ тэргүүлсэн хэвээр, удаад нь Бразил, гуравт ОХУ явж байна. АНУ-д хоногт 29 мянга гаруй шинэ тохиолдол илэрч, нийт 1.9 сая гаруй хүн халдвар авсан бол 111.367 хүн нас баржээ. Өмнөд Америкт Бразил улс хүнд байдалтай байна. Тус улсад бямба гарагаас эхлэн халдварын болон нас баралтын нийт тоо хэд болсныг мэдээлэхээ больж, тухайн өдөр илэрсэн тохиолдлын тоог л мэдээлэхээр болжээ.

Хойд хөрш ОХУ-д өдөрт нийт 12 сая гаруй шинжилгээ хийжээ. Орост нийт халдварын тоо 458 мянга гаруй, нас баралт 5725 байна.

Энэтхэгт шинээр 9800 гаруй тохиолдол бүртгэгдэж, тус улс дэлхийн хэмжээнд зургаадугаарт бичигдэж эхэлсэн. Нийт эндэгдэл 6642 болжээ.

Хятадад шинээр бүртгэгдсэн зургаан тохиолдлын тав нь гаднаас зөөвөрлөгдөж орж ирсэн бол нэг нь дотоодын халдвар байжээ. Урд хөршид мөн шинж тэмдэггүй таван халдвар нэмж бүртгэгдсэн байна. Нийт 236 шинж тэмдэггүй халдварыг эмнэлгийн хяналтад авчээ.

Top