КОВИД & ЭДИЙН ЗАСАГ сэдвийн хүрээнд эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.
Zindaa.mn мэдээллийн сайтын Эдийн засгийн алба КОВИД & ЭДИЙН ЗАСАГ булангаар дамжуулан эдийн засаг дахь коронавирусний нөлөөлөл болоод эрсдэлийг бууруулах боломж, шийдлийг эрэлхийлсэн мэдээ, мэдээлэл, ярилцлагыг цувралаар хүргэж байгаа билээ.
Шинэ нөхцөлд бид гадаад худалдаа, бүтэц бүх юмаа өөрчлөх ёстой. Шинэ хөрөнгө оруулагчид хэрэгтэй
-Энэ удаагийн эдийн засгийн хямралт байдлын суурь шалтгаан нь цар тахал учраас, дэлхийн улс орнуудын засгийн газрууд барьц алдах нөхцөл байдал хоёр, гуравдугаар сард түлхүү ажиглагдсан. Ер нь бол эдийн засгийн уламжлалт арга хэрэгслүүд хүчгүйдэж байна л даа. Та эдийн засагчийн хувиар эрсдэлийн түвшинг хэрхэн яаж бууруулах вэ гэдэг дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-2008-2009 оны хямрал эхэлж байхад иймэрхүү зүйл болж байсан. 2007 онд намайг ОУВС-гийн семинарт сууж байхад тухайн үед эдийн засаг сайн байсан учраас мэргэжилтнүүд нь хямрал болохгүй гэсэн маш итгэлтэй байсан. Би макро эдийн засгийн чиглэлээр ажиллаж байгаа хүн учраас “Эмзэг нөхцөл байдал үүсвэл аль ч улсад эмзэг тусах байлгүй дээ” гэж асууж байсан юм. Тэгэхэд нэг итали мэргэжилтэн нь өндөр хөгжилтэй орнууд валютын нөөц сайтай, Төв банкууд нь мөнгөтэй, хямрал болоход арга хэмжээ авч чадна. Харин хөгжиж байгаа орнууд л эмзэг байна гэж байлаа.
Тэгэхээр шинэ нөхцөл байдал үүсэх хүртэл хүн нөхцөл байдлаа ойлгодоггүй юм байна. Тухайн үеийн нөхцөл байдалдаа тулгуурлаад, болж байна, болох юм байна гэсэн хандлагатай байдаг. Энэ удаагийн хямрал яг л тийм зүйлийг ойлгууллаа шүү дээ. Вирус өвчлөлийн асуудал Африк, Зүүн Өмнөд Ази, Латин Америкийн орнуудад л байдаг. Хойд Америк, Европ бол өвчнөөс хол тайван газрууд гэдэг байсан бол цаг үе өөр болсон байна. Дэлхийн уур амьсгал өөрчлөгдөж байна. Хамгийн гол шалтгаан энэ шүү дээ. Эрдэмтэд уг вирусний талаар янз янзын л судалгаанууд хийснээс харж байхад одоогоор эцэслэн тогтоогоогүй ч нэг гарлыг нь сарьсан багваахай гэж байна. Гэтэл сарьсан багваахай маш олон төрөл. Төрөл зүйл нь хэвлээр явагчийн дараа дэлхийд хоёрт орж байгаа. Сарьсан багваахай судалдаг биологийн эрдэмтдийн судалгаанаас үзэхэд энэ амьтанд маш олон төрлийн вирус байдаг юм байна. Мөн амьтдын дотор байгаа вирусний идэвхжил нь нар, сарны идэвхжил, хиртэлттэй их холбоотой. Нар, сар хиртэх үед сарьсан багваахайн хөдөлгөөн эрс идэвхждэг гэнээ. Тэгэхээр дэлхий нийтийн өмнө тулгамдсан энэ цар тахлын уг үндэс нь нар, сар, сансар гарагийн хөдөлгөөнтэй ч холбоотой болж таарч байна л даа. Уг шалтгааныг эрдэмтэд нарийвчлан тогтоож чадаагүй байгаа ч хамаарал байна гэдгийг тогтоогоод байна. Энэ бол байгалийн өгөгдсөн нөхцөл юм. Бид байгалийг бүрэн таньж чадаагүй л байгааг харуулж байгаа хэрэг.
Олон улсын түвшинд Биоаюулгүй байдал гэж их ярьж байна. Сүүлийн хоёр, гурван жилд ДЭМБ, Олон улсын мал, амьтны эрүүл мэндийн байгууллага хамтраад “Нэг эрүүл мэнд” гэх үзэл санааг их ярьж байгаа. Өмнө нь хүний эрүүл мэнд тусдаа, мал, амьтных тусдаа гэж ойлгож байсан бол зооноз өвчин гэдгээр дамжаад бүгдээрээ нэг юм байна гэдгээ одоо маш сайн ойлгож байна. Хүнсээр, зооноз өвчнөөр дамжиж байна. “Малын эмч хүн төрөлхтнийг эмчилнэ” гэдэг шиг мал, амьтан эрүүл байхгүй бол хүн эрүүл байхгүй юм байна, аюул их ойртож гэдгийг харж байна. 1918 онд Испани томуу гарч байсан. Мөн тавь, жаран жилийн өмнө Сингапур, Хонконг томуу гээд гарч байв. Тэр үед хотжилт, суурьшилт, дэд бүтцийн хөгжил одоогийнхоос бага байсан учраас өвчин тархах эрсдэл харьцангуй бага байж. Харин одоо бол өөр. Хятадын хурдан галт тэрэгний сүлжээ аравхан жилийн дотор Хятадыг сүлжчихлээ шүү дээ. Улс орон бүр аялал жуулчлалаа хөгжүүлээд л, мөнгө болгох гээд улам хөөргөөд л. Олон тэрбум хүний хүнсний хэрэгцээг хангахын тулд том хотууд бүгд дэргэдээ фермерийн аж ахуй байгуулаад, хүн амьтан хоорондын контакт үүсэх нөхцөл улам ойртсон. Энэ бүх байдал хуримтлагдсаар нэг л өдөр эрсдэл нь тэсэрч гарч ирж байна. Энэ бүхэн эргээд эдийн засагт эрсдэл дагуулна гэдгийг огт ойлгоогүй байж. Бид зөвхөн ган зудыг байгалийн гамшигт үзэгдэл гээд ойлгоод байж. Гэтэл бүр нано түвшний асуудал болж байна. Урьд нь асуудал бэрхшээл гэдгийг нүдэнд харагддаг зүйл, хоёр орны хоорондын маргаан, мөргөлдөөнөөр л төсөөлдөг байсан бол өдгөө нүдэнд үл харагдах ганц вирус гарч ирээд л өөрчилж байна.
- Таны хэлж байгаачлан нүдэнд үл үзэгдэх энэ вирусний сөрөг нөлөө асар их байх төлөвтэй. Цаашид энэ вирустэй дасан зохицож урагшаа алхахаас өөр аргагүй байдал үүсэж байх шиг байна. Эрсдэл дунд эдийн засгийг хэрхэн сэргээх вэ?
-Дэлхий нийтээрээ эхлээд мэдээж шоконд орсон. Бүх улс орон хөл хорио тогтооно гэж хэн ч бодоогүй. Хятадад, тодорхой бүс нутагт хорио тогтоох байх л гэсэн хүлээлттэй байтал дэлхий даяар бүх бизнес хаагдсан. Энэ үеэр дэлхий нийтийн ханган нийлүүлэлтийн сүлжээ гэдэг юмны ач холбогдлыг маш сайн ойлголоо. Нэг машин үйлдвэрлэхэд бараг арваад улс орон оролцдог болтлоо ханган нийлүүлэлтийн сүлжээ хөгжчихсөн. Цаашид ч ингээд явна гэж байтал гэнэт хаалга үүд хаагдаад ирэхээр шоконд орж байна. Японы нэг хөрөнгө оруулагчтай саяхан уулзсан юм. Тэгэхэд яг энэ асуудалд санаа зовж байна. Ханган нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэхдээ хямд өртөгтэй гээд Хятадын зах зээлийг сонирхоод байсан чинь эрсдэл өндөртэй юм байна. Зардал өндөртэй ч эрсдэл багатай газраас авах ёстой гэдгээ ойлгож эхэллээ гэж байна л даа. Тэгэхээр энэ нь нэг талаас Монгол Улсад тодорхой хэмжээнд ач холбогдолтой болж эхэлж байна. Өмнө нь манай улсыг өртөг зардал өндөртэй гээд орж ирэхгүй байсан бол одоо эрсдэл багатай гэдгээр сонгох боломж харагдаж байгаа юм.
Европ, ОХУ эдийн засгаа алгуур суллаж байна. Хэдий тийм ч эхний ээлжинд зөвхөн дотоодын аялал жуулчлалыг эхлүүлж байна. Эдийн засгийн маш том тулгуур аялал жуулчлал дэлхийн хэмжээнд 2020 оны тухайд байхгүй. Хуучин байсан ханган нийлүүлэлтийн сүлжээ буцаад голдиролдоо ортлоо энэ он дуусах нь. Дэлхийн банк эдийн засгийн таамаглалаа шинэчлэхдээ дэлхийн эдийн засгийн өсөлт дунджаар 5.2 хувь буурна гэсэн байна. Зургаадугаар сарын сүүл долоодугаар сарын эхээр ОУВС эдийн засгийн таамгаа шинэчилнэ. Өмнөхөөсөө ч тааруу таамаг гарах нь тодорхой.
Өмнө нь манай улсыг өртөг зардал өндөртэй гээд орж ирэхгүй байсан бол одоо эрсдэл багатай гэдгээр сонгох боломж харагдаж байгаа юм.
-Тэгэхээр ийм тааруу хүлээлттэй байгаа үед Монгол Улс эдийн засгийн цаашдын нөхцөл байдлаа зөөллөх боломж юу байх вэ?
Улс орнуудын ханган нийлүүлэлтийн сүлжээ тодорхой замаар явдаг гэж үзье. Тэгэхээр бид 2019 онд Замын-Үүд боомтоор авч байсан шиг импортыг яг тэр замаар тэр хэвээр авч болохгүй нөхцөл байдал үүсэж байгаа юм. Шинэ нөхцөлд бид гадаад худалдаа, бүтэц бүх юмаа өөрчлөх ёстой. Жишээлбэл, гадаад худалдааны олон цонх, гадаадтай харилцдаг олон суваг хэрэгтэй. Шинэ хөрөнгө оруулагчид хэрэгтэй. Эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд аялал жуулчлалаа хөгжүүлээд Монгол Улсаа сайхан хөгжүүлнэ гэж бид ярилаа шүү дээ. Гэтэл тэр байхгүй болчихлоо. Нэг талаас бид дэд бүтцийн хувьд энэ салбарыг хөгжүүлэх боломж хэцүү байтал өмнө нь огт бодож байгаагүй аюултай байдал бий болчихлоо. Юун тэр мөнгө байтугай. Эхлээд үндэсний аюулгүй байдлын тулгуур болсон хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой гэсэн зарчмаа эхэнд тавих ёстой.
Манайд мөрдөгдөж буй арав гаруй хуулийн ганц, ганц жижиг заалтаар Биоаюулгүй байдлыг зохицуулах гэж оролдсон байна. Тэр зохицуулалтаа чангатгахгүй бол одоогийн хуулийн зохицуулалт Биоаюулгүй байдлыг хангаж чадахгүй нь. Эдийн засгийн ямар төрлөө сонгох вэ. Тэрийгээ аюулгүй, тогтвортой байлгахын тулд яах вэ гэдэг асуудал байна. Эдийн засгийн бүтэцдээ тулгуураар нь өөрчлөлт хийхгүй бол зүгээр нэг эдийн засаг төрөлжүүлнэ гээд хэлээд, яриад бол үр дүнгүй. Өмнөх жилүүдэд гаргасан бодлогын бичиг баримтаар явбал яагаад ч болохгүй. Тэр тусмаа сая гаргасан “Алсын хараа 2050” хөтөлбөрт бол үүнийг огт тусгаагүй. Цар тахлын дараах эдийн засгийн нөхцөл байдал гэдэг талаас огт тусгасангүй. Эдийн засгийн тооцоо нь хүртэл 2018-2019 оны тулгуур дээр суурилаад л хийчихсэн, үзэмж төдий л баримт бичиг болсон.
- Хөгжлийн бодлого урт хугацааных байх ёстой гэж та өмнө нь ярьж байсан. Гэтэл сая та гучин жилийн дараахыг төсөөлсөн баримт бичгийг үзэмж төдий л гэлээ?
-Хөгжлийн бодлого гэдгийг ойлгоогүй хүмүүс оролцоод зүгээр ингээд зорилт тавьчихдаг. Эдийн засгийн өсөлтийг арван хувьд хүргэнэ, тэдэн сая жуулчин авчирна гэсэн тоо тавьчихдаг. Яаж гэдгийг нь огт ойлгодоггүй. Эдийн засаг яаж төрөлжих ёстой юм. Яаж бид гадаад өрийн дарамтаа багасгаж урагшлах юм. Хамгийн анхдагч асуудлаа ойлгоогүй байна. Монгол Улс хөрөнгө оруулалтын дарааллын ач холбогдлоо, юуг эхэлж хийхээ ойлгодоггүй гэж олон улсын байгууллагууд хэлдэг. ОУВС зэрэг байгууллагуудаас манай ирэх жилүүдийн санхүүжилтийн хэрэгцээ гээд тооцоонууд гаргасан байдаг. Тэнд маш аюултай тоонууд бий. Бид өр гээд одоо 30 тэрбум ам.долларын тухай ярьж байна. Гэтэл цаасан дээр буугаагүй, авлага хэлбэртэй өр зөндөө байна. Жишээлбэл, дуусаагүй төсөл хөтөлбөрүүд. Газрын тос боловсруулах үйлдвэр, төмөр зам гээд эхлүүлчихсэн. Санхүүжилтүүд нь бүгд гадаад эх үүсвэртэй, авахаар тохирчихсон. Гэрээ хэлцлүүд байгуулчихсан. Өр дээр нэмэгдээд явна.
Байнга төсвийн алдагдалтай байна. Бууруулж чадахгүй яваад байвал дахиад л өр болно. Ирээдүйд хүлээгдэж байгаа өрүүд дарааллаад хүлээж байна. Гэтэл сая эдийн засгийн ямар ч ач холбогдолгүй Майдар хот байгуулна гээд л зарлаж байгаа юм. Эхлээд ядаж шинэ нисэх буудлаа ажилд оруулах тухай бодох хэрэгтэй. Яагаа ч үгүй байж зүгээр улс төрийн амлалтууд хийгээд байгаа юм. Огт мэргэжлийн бус, хөгжлийн бодлогын ойлголтгүй хүмүүсээр буюу шүдний эмчээр зам тавиулж байгаатай адилхан л юм болоод байна. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль хэлэлцэхэд Ажлын хэсэгт нь орсон. Их л нарийн хууль шүү дээ. Бодлого, төлөвлөлтийн асуудал ярьж байна. Том төслийг хэрхэн төлөвлөх ёстой талаар огт ойлголтгүй хүн давхиж очоод л, тэгж өөрчил гэнгүүт санал хураагаад гар өргөөд л баталж байгаа юм. Мэргэжлийн хүний үг тоохгүй эвдээд хаячихаж байгаа юм. Хууль гэдэг чинь бүхэл бүтэн концепци шүү дээ. Тэр хуулийн дагуу ирэх дөрвөн жилийн, арван жилийн хөгжлийн асуудлууд хийгдэнэ. Мэргэжлийн бус хүмүүс шийдвэр гаргах түвшинд байна гэдэг маш аюултай.
Эдийн засаг 10 хувиар өслөө гэж хэлэхэд макро эдийн засаг ойлгодоггүй хүнд энэ их гоё тоо
-Коронавирус бас нэг талаас улс орнуудын эдийн засгийн бүтцийн алдаа оноог шалгаад байх шиг байна. Бүтцээ яг яаж өөрчилбөл болох вэ гэдгээ энэ нөхцөл байдалд дүгнэлт хийгээд эргээд нэг харвал?
-Монголын эдийн засгийн хувьд бид аль ч түвшинд, өндөр хөгжсөн ч байсан хоёр юмыг сайн ойлгох ёстой. Нэгт, манай эдийн засгийн суурь нь бараг 1970 он хүртэл мал аж ахуйд суурилсан. 1978 онд Эрдэнэт үйлдвэрийн туузыг хайчлаад, наяад оны эхээр Говь комбинат ашиглалтад орсон. Тэр хүртэл Монгол Улс хөдөө аж ахуйн орон байсан. Дөрөвдүгээр цахилгаан станц, Багануурын уурхай зэрэг ашиглалтад орсон. Эдгээр үйлдвэр бүтээн байгуулалтууд хийгдсэнээр Монголын эдийн засагт бүтцийн том өөрчлөлт хийсэн. Гэхдээ 2005-2006 он хүртэл эдийн засагт хөдөө аж ахуйн салбар маш том хэмжээтэй байсан. Одоо ч ДНБ-ий 15-16 хувьд байна. Энэ нь нэг талаасаа манай сул тал, өрсөлдөх чадвар муутай, бүтээмж багатай. Гэхдээ яг ийм хямрал болох үед хөдөө аж ахуйн салбар манай эдийн засгийн нэг талын тэнцвэржүүлэгч болдог. Бусад салбар гадаад зах зээлтэй эрэлт нийлүүлэлт, үнэ ханш гээд бүх юмаар холбогдчихож байна. Харин хөдөө аж ахуйн салбар тийм биш. Ямар ч хүндрэлтэй үед салбартаа байгаа 300 мянган хүнээ тэжээдэг. Бусад бүх салбар хасах руу ороход энэ салбар өсөлттэй үлддэг. Олон төрөл бүтэцтэй эдийн засагтай байхын ач холбогдол үүн дээр л харагдаж байгаа.
Манай улс эдийн засаг 7-8 хувь хүрч өслөө гээд байсхийгээд бахархаад ярьдаг. 2011 онд 17 хувьд хүрлээ гээд л. Ард иргэдэд хандаад Монгол Улсын эдийн засаг 10 хувиар өслөө гэж хэлэхэд эдийн засагч бус, макро эдийн засаг ойлгодоггүй хүнд энэ их гоё тоо. Гэтэл 10 хувь нь хэд юм бэ гээд харахаар бага тоо. Монголын эдийн засаг дүнгээрээ 36-хан их наяд төгрөг буюу 13-хан тэрбум ам.доллар. Нэг л компанийн мөнгө. Тэрний 10 хувь л гэсэн үг. Эдийн засгийн өсөлт гэдэг бол төсөвт ордог орлого шиг ороод ирж байгаа мөнгө биш. Нэмүү өртөг буюу бүх салбарт шинээр бүтээгдсэн баялаг. Тооцоон дээр л бүртгэгдэж байгаа. Тодорхой хэсэг нь л төсвийн орлого болоод иргэдийн гар дээр очиж буй цалинд шингэж байгаа. Арван хэдэн хувийн өсөлт гэдэг бол хуурмаг тоо. Үүгээр бид олон жил бие биеэ хуурч явлаа. Олон өндөр байшин, багтахаа больсон машин гээд нүдэнд харагдах өөрчлөлтүүд гарч байгаа ч хамгийн аюултай нь өнгөрсөн 20 жилд эдийн засгийн суурьт өөрчлөлт хийж чадаагүй. ОУВС, Дэлхийн банк эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хий гэж байнга хэлдэг. Бүтцийн өөрчлөлт гэдэгт дүрэм журам, засаглал гээд маш олон юм байгаа. Тэрийг нь бид ойлгодоггүй, үл ойшоодог. Хамгийн эхлээд тохирсон юмаа л хийсэн болоод орхидог. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн тухайд яг л тэглээ. Эхний хоёр жил нь их сахилга хариуцлагатай байсан. Сонгууль дөхөөд больсон. Шинэ жилийн мэндчилгээний үгийг өөрөө анзаарсан бол нэг биш хоёр хүн сүүлийн дөрвөн жилд Монголын эдийн засаг тав дахин өслөө гэж хэлсэн. Алдаатай тоо хэлсэн. Өмнө нь төр засгийн өндөр түвшинд хэзээ ч тийм алдаа гарч байгаагүй. Сая бас 400 сая жуулчин авна гэж л байна. Төрийн албаны боловсон хүчин маш сул байна. Удаа дараа ингэж байна. Цаанаа мэргэжлийн бус хүмүүс байгаа учраас суурь бүтцийн өөрчлөлт гэдгээ ер ойлгохгүй байгаа юм. Монголбанк сүүлийн үед бүтцийн өөрчлөлт гэдэг талаас жаахан яриад байна.
Монгол Улсын эдийн засгийг автомашинтай зүйрлэвэл их засвар хийхгүй яваад байна. Шатахуун хийгээд л, гадна талыг нь угаагаад яваад байгаа. Тэгэхээр дараагийн хямралд орох нь ойлгомжтой.
-Бүтцийн өөрчлөлт хий гэхээр гэхээр өнгөн хандаад л аргалаад өнгөрдөг гэж та хэллээ. Өөрчлөлтийн эрэмбийг та юу гэж харж байна вэ?
-Улс орнуудын жишээн дээр их олон янз байгаа. Европын холбоо бүтцийн өөрчлөлтийн стратеги гээд том бичиг баримт батлаад явж байгаа. Тэр өндөр хөгжилтэй улсууд бүтцийн өөрчлөлтийн тухай ярьж байна. Өрсөлдөх чадвартай байхын тулд. Харин Монгол Улс эрүүл эдийн засагтай байхын тулд л бүтцийн өөрчлөлт хэрэгтэй. Бүх салбарт технологийн бүтцийн өөрчлөлт, шинэчлэлт хэрэгтэй.
Олон улсын байгууллагууд эдийн засгийн бүтэцдээ өөрчлөлт хий гэхэд бид хийхгүй байна. Хамгийн энгийн жишээ бол дэд бүтцийн салбар. Гаднын тусламж дэмжлэгтэйгээр гурав, дөрөвдүгээр цахилгаан станцууддаа жаахан шинэчлэлтүүд хийсэн. Тэр бол нэг удаагийн л шинэчлэл хийсэн болохоос биш дараагийн үе шатны шинэчлэл болж чадаагүй. Дахиад эдийн засгаа өсгөе гэхээр Улаанбаатарт гэхэд цахилгаан, дулаан хангамж бүгд дутагдалтай. Энэ чинь дахиад бүтцийн асуудал. Говийн бүсэд уул уурхайн олон төслүүд байна. Ханган нийлүүлж байгаа эрчим хүчээ гаднаас л авч байна. Цахилгаан, дулаан, усан хангамж гэсэн суурь дэд бүтэц хамгийн эхэнд байх ёстой. Хөрөнгө оруулалтын бодлого зайлшгүй тэндээс эхлэх ёстой байна шүү дээ. Гоё байшингаас биш, клубээс биш. Тэрийг ойлгоогүй учраас олон нийтэд таалагдахын тулд УИХ-ын гишүүд нь усан бассейн, сумын соёлын төв яриад байцгааж байна.
-ОУВС-гийн хөтөлбөрийг манай улс амжилттай хэрэгжүүлсэн гэж албаны хүмүүс хэлээд байгаа шүү дээ?
-Хэрвээ бид бүх шаардлагыг биелүүлсэн юм бол Японы засгийн газар санхүүжилтээ өгөх ёстой шүү дээ. Одоо ч гэсэн өгөхгүй, шаардлагыг бүрэн биелүүлээгүй гэж байгаа. Ялангуяа банкны салбар дээр. Активийн чанарын асуудал бүрэн эцэслэн дууссан уу, үгүй юу. Банкны эцсийн өмчлөгчдийг бүрэн тодорхой болгосон уу. Ийм асуудлууд байгаа. Тэгээд сая төсвийн алдагдлаа нэмчихлээ. 2019 онд 2020 оны төсвийг батлахдаа л зөрчөөд эхэлсэн. Угаасаа тэр хоёр их наядаар нэмэх ямар ч шаардлагагүй байсан. Нэмэх нэмэхдээ 2019 оны хавар баталсан төсвийн хүрээг өөрчилж, эвдэж байгаад нэмсэн. Үнэхээр эдийн засгаа бодсон бол 2020 оны төсөв 2019 оны түвшинд байхад болохоор байсан. Хоёр их наядаар өсгөх орлогын ирээдүй ч байгаагүй. 11.8 их наяд болохоор ДНБ-д эзлэх хэмжээ маш их болж байна. Бараг 34 хувь ч билүү. Орлого тасарч байхад зарлагаа танахгүй болохоор төсвийн алдагдал оны эцэст айхтар юм болно. Юун таван их наяд. Найм, есөн их наяд болох нь уу. Тэр чинь ДНБ-ий долоон хувьд хүрэх гэж байна. Тэгэхээр эдийн засаг юу болох уу. Төлөвлөөгүй төсвийн зардлууд шинээр бий болж байна. Тэрийг хаанаас нөхөх вэ. Төсөвт тавьсан төсвийн алдагдлыг бол ийм ийм зардлын эх үүсвэрээр нөхнө гэж бодоод тооцоод тавьж байгаа. Гэтэл тэрийг нөхөх эх үүсвэр байхгүй болохоор өр болно гэсэн үг.
-Засгийн газраас авч хэрэгжүүлж буй багц хэдэн их наядаар хэмжигдэж байна. Гэхдээ төдийлөн тодорхой задаргаа мэдээлэл өгөхгүй байгаа. Жишээ нь, таван их наядын багц гэдэг дээр эх үүсвэр талаас нь та хэрхэн харж байна?
-Таван их наядын багц гэдэг нь угаасаа буруу. Орлого бууруулах, зардал нэмэх хоёр арга хэмжээг нийлүүлээд таван их наяд гээд хэлчихэж байгаа юм. Огт биш. Хоёр их наяд нь миний тооцоолж байгаагаар НДШ, ХАОАТ гээд орлого бууруулж байгаа. Тэгэхээр төсвийн орлого хоёр их наядаар буурна гэсэн тооцоо юм. Тэрийгээ засгийн газраас авч байгаа арга хэмжээ гэж байна. Нөгөө талд нь гурван их наядаар нэмж байгаа. Ажилгүйдлийн тэтгэмж, Хүүхдийн мөнгө олгох гээд. Тэгэхээр яг энэ хоёрыг нэмэхэд төсвийн зарлага юу болох вэ гэхээр орлого нь долоон их наяд, зарлага нь 14 их наяд, алдагдал долоон их наяд болж байгаа юм. Яг энэ төсвөөр явж байгаа шүү дээ. Ийм байж болохгүй. Үүнийг хийхийн тулд УИХ-аар оруулж хэлэлцүүлэх ёстой. Ялангуяа орлого бууруулах арга хэмжээ татварыг хөндөж байгаа биз дээ. Энэ 2020 он чинь 2021 оны суурь. Эдийн засгийнхаа суурийг эвдээд байгаа юм. Төсвийн алдагдал юугаар нөхөх вэ гэхээр 2021 оны өр гэсэн үг.
Төсвийг батлах, зарцуулах онцгой эрх УИХ-д байгаа. Баталсан хэмжээнд яаж зарцуулах вэ гэдэг нь Засгийн газрын эрх мэдэл. Үүнийг УИХ-ын тухай хууль, Төсвийн тухай хуулиар өөрчлөөгүй. Ийм байхад төсвийн эрх мэдлийг Засгийн газарт өгч болохгүй. Энэ бол парламентын бус арай өөр засаглалтай улсад хийдэг ажил. Манайх хуулиа шинэчлээгүй байж шууд тийшээ орчихлоо шүү дээ. Гүйцэтгэх засаглал мөнгөө өөрөө мэдэж зарцуулж байна. Хэзээ ч тийм юм байж болохгүй. Одоо бараг хойноос нь хөөвөл, Үндсэн хуулийн цэцэд хандах юм бол бөөн асуудал болж хувирна. Эрх мэдэл шилжүүлсэн тухай нэг хууль ярьж байгаа ч бусад хуультайгаа нийцээгүй. Энэ бол тогтолцоогоо эвдэж байгаа юм. Үндсэн хуулийн саяын өөрчлөлт чинь парламентын засаглалаа л бэхжүүлсэн шүү дээ. Бодлого боловсруулах, батлах эрх мэдэл нь парламентад хэвээрээ байгаа. Гэтэл дөнгөж баталсан хуулиа эвдэж байна. Ерөнхийлөгч нь том юм уу, Засгийн газар нь том юм уу, УИХ-ын дарга нь том юм уу гэдэг хүчний балансын асуудал болж байгаа юм.
Үүний дараа эдийн засгийн үр дагавар байна. Төсвийн зарцуулж байгаа зардлын ач холбогдлыг хэн ангилсан юм бэ. Тэрийг ач холбогдолгүй гэж хэн хэлсэн юм. Өнгөрсөн жил нэмж тусгасан хоёр их наяд дотор байгаа сумдын соёлын төвүүдийг одоо ач холбогдлоор нь хойш тавьсан уу. Хэн ч мэдэхгүй шүү дээ.
-Сангийн сайд хэлэхдээ эргэлтгүй байгаа эдийн засгаа идэвхжүүлэхийн тулд төсөвт тусгасан хөрөнгө оруулалтын зардлаа танахгүй л гээд байгаа?
-Одоо соёлын бариад дууслаа гэхэд тэнд юу явагдах юм. Хүмүүс тэнд жилдээ гурав, дөрвөн удаа тэмдэглэлт баяр ёслолоор л цугладаг шүү дээ. Хүмүүс нь төсвөөс цалинждаг. Эрчим хүч, усан хангамж дэд бүтцийг эхлээд сайжруулах ёстой байтал баахан клуб бариад ямар хэрэгтэй юм. Эрэмбэ дарааллаа харах ёстой. Энэ бол эдийн засгийн биш улс төрийн шийдвэр. Тийм учраас эргээд эдийн засгаа суурь, тогтолцоогоор нь хохироож байна. Барьж байгаа арга нь ч буруу. Гаднын улс орнуудад очоод үз. Опера хаус л тусдаа байгаа. Бусад бүх соёлын төвүүд хамтдаа. Америкт очиход дунд сургуулийн байрны хажуу зааланд нь манайхаар бол хорооны соёлын төв хамт байж байгаа. Нийтийн өмч гэдэг чинь ийм утгатай. Тэр сургуулийн зааланд зөвхөн сурагчид биш тухайн хорооны иргэд чөлөөт цагаа өнгөрүүлж, ном уншиж болно. Нийтийн өмчийг ингэж үр ашигтай ашиглаж байгаа юм. Одоогийн соёлын төвүүдийг нэг сургуулийн спорт заалны хажууд залгаж бариад цахилгаан, дулааныг нь нэг дор шийдээд явбал арай үр ашигтай. Тус тусдаа шомбойсон юм бариад байгаа нь нөгөө л үрэлгэн бүтэц.
-Ер нь ийм эрсдэлтэй үед эдийн засгийн шийдвэрүүд маневр сайтай байх нь чухал юм байна л даа. Коронавирусний дараах эдийн засгийн нөхцөл байдлын суурь нь өнөөдрийн шийдвэрүүд. Та төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар өөрийн байр сууриа илэрхийлээч?
-Арга хэмжээ сая тавдугаар сараас л авч эхэллээ шүү дээ. Тэгэхээр арга хэмжээ авалгүй маш их удлаа. Хугацаа их алдлаа. Ялангуяа орлогоо бүрдүүлэх салбараа яах вэ гэдэг нь ойлгомжгүй байсаар байсан. Нэгэнт эдийн засаг ингэж хүндэрч байхад Монгол Улсыг хүндрэлтэй үед авардаг юм чинь гадаадын л хөрөнгө оруулалт шүү дээ. Тэгэхэд сүүлийн нэг хоёр жилд гадаадын хөрөнгө оруулалтыг татах тал дээр нааштай алхам огт хийсэнгүй. Үнэхээр эдийн засаг буурч байгаа бол хөрөнгө оруулалтын орчноо зөөлрүүлэх арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэх ёстой. Хөрөнгө оруулагчдад дохио өгөх ёстой. Ийм бодлого урт хугацаанд хэрэгжинэ. Бүх түвшинд ойлголцож хэрэгжүүлнэ. Бид байгуулчихсан мөртлөө ашиглаж чадахгүй байгаа боломжууд бий. Монгол Улс Япон Улстай Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан. Тэр бол маш чухал хэлэлцээр. Хүчин төгөлдөр болчихсон. Тэр одоохондоо Японы талд л ашигтай байгаа. Манай тал ашиг хүртэх ёстой. Бид боломжоо ашиглаж чадахгүй байна. Японы Засгийн газар Европын холбоотой бас чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан. Тэр манайд хамаагүй юу. Манайхан тэр манай асуудал биш гээд сууж байна. 2020 оны хавраас хүчин төгөлдөр болсон. Сүйхээтэй ашиглавал Японоос Европ руу чөлөөт худалдааны өргөн дардан зам бий болж байна. Хамрагдаж байгаа барааны тоо, хэмжээ асар том, хэдэн тэрбум ам.доллар. Манай Японтой байгуулсан хөтөлбөрт хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн ноос, ноолуур, арьс шир Японы зах зээлд татваргүй орох боломж байгаа. Говь компани ч юм уу манай нэг компани Японд жижигхэн компани байгуулчихъя. Эндээс түүхий эдээ тийшээ гаргалаа. Тэнд арьс ширэн бүтээгдэхүүн оёлоо. Тэгэнгүүт тэнд Японы бүтээгдэхүүн болж хувирна. Тэр нь Европын зах зээл рүү татваргүй гарна. Тэгэхээр үндсэндээ энэ хоёр хэлэлцээрээр дамжуулаад Монголын бүтээгдэхүүн Европын зах зээл рүү маш хямд үнээр гарах боломж нээгдэж байгаа юм. Иймэрхүү боломжууд байгаа. Түрүүчээсээ хөрөнгө оруулагчидтай уулзахад хэлж байна шүү дээ. Зүүн Өмнөд Азийн орнууд аюулгүй байдал талаасаа эрсдэлтэй болчихсон. Зардал өндөртэй ч, эрсдэл багатай ханган нийлүүлэгч, зах зээл хэрэгтэй байна гэж хэлээд байна. Яг үүнийг нь угтаад манай талаас тэр нөхцөлийг нь бий болгох хэрэгтэй. Японы яг ямар үйлдвэрлэгчид Монголд ханган нийлүүлэлтийг хийх боломж байгаа юм. Манайхаас одоо бол түүхий эд авч байгаа жишээ бий. Машины үйлдвэрт хэрэглэдэг түүхий эд. Тэгвэл ядаж тэрний анхдагч боловсруулалтыг хийх боломж байх уу гэдгийг судлах хэрэгтэй. Эд анги гэж би хэлээгүй шүү. Тэр боломжийн төлөө бид 2-3 жил явна. Тэрний дараа 2023-2024 онд үр дүнг нь хүртэнэ гэж төлөвлөж ажиллах ёстой. Тэрнээс маргааш биш. Маргааш цөм хийгээд л эдийн засаг өсчих юм яриад байж болохгүй.
-Төв банк эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалахын тулд бодлогын бүхий л арга хэрэгслүүдээ ашиглаж байна гэсэн мэдээлэл өгч байгаа. Та мөнгөний бодлогын шийдвэрийн үр нөлөөг юу гэж үзэж байна вэ?
-Мөнгөний бодлого манайх шиг харьцангуй жижиг зах зээлтэй оронд барууны өндөр хөгжилтэй орнуудынх шиг хурдан нөлөө үзүүлдэггүй. Мөнгөний бодлого хэчнээн нөлөөлсөн ч гэсэн гадаад худалдаа, экспорт маш чухал. Зээл нийлүүлэх гээд мөнгөний бодлогоор дэмжлээ гэхэд 3-4 сарын дараа гадаад худалдаан дээр ямар нэг өөрчлөлт гарахад мөнгөний бодлого огт ач холбогдолгүй болно. Өндөр хөгжилтэй оронд гадаад худалдаа нь олон салбарт тогтвортой явагдаж байгаа учраас үр нөлөө нь гарч байгаа шүү дээ. Манайх гадаад худалдаа талдаа уул уурхай давамгайлсан. Хамгийн ахиу зээл авах чадвартай салбар нь уул уурхай, дэд бүтэц. Эдгээр салбар нь эмзэг. Тэгэхээр мөнгөний бодлогын нөлөөлөл тэрийг давж эдийн засгийг өсгөж чадах уу гэдэг асуудал манайд өөр. Бараг мөнгөний бодлогын дараа уул уурхайн салбар эдийн засгийн маш чухал үүрэг гүйцэтгэж байна. Нүүрс, зэсийн экспорт нэмэгдэж байж, тэр ханган нийлүүлэлт жинхэнэ эдийн засагт нөлөөлж байна.
Өмнө нь бидний авсан нэг сургамж байгаа. 2015-2016 онд эдийн засаг хүндрээд Төв банк бодлогын хүүгээ хоёр удаа бууруулсан. 2017 онд би Мөнгөний бодлогын хорооны гишүүн болоод нэг жил гаруй байсан. Тэгэхэд хурал дээр нь зориуд тэрийг эргэн сануулж хэлж, ярьж байсан. Мөнгөний бодлогын хороо яагаад ийм шийдвэр гаргасан юм бэ гэдгийг хэлсэн. Миний бодлоор Төв банк өөрөө гаргаагүй, захиалгаар улс төрийн зорилгоор гаргасан хараат шийдвэр. Төв банк хэзээ ч өөрөө тийм шийдвэр гаргахгүй байсан. Засгийн газраас эдийн засгийг дэмжье, Төв банкийг ахиухан зээл гарга гээд, мөнгөний бодлогоо ойлгохгүй байгаа хэрэг л дээ. Манайхны яриад байгаа шиг бодлогын хүүг навс буулгаад банкууд руу их мөнгө нийлүүлээд, тэр мөнгө нь эдийн засаг руу гараад эдийн засаг өсөх юм байна л даа. Манайд тэгж нөлөөлөхгүй. Хамгийн аюултай нь тэр үед Монголбанкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг гурван хувиар бууруулсан ч гэсэн гадаад худалдаа түгжигдсэн саармаг хэвээрээ байсан учраас эдийн засагт эсрэг нөлөөлөл үзүүлсэн, ханшийн өсөлт рүү түлхсэн. Одоо яг тэр нөхцөл байдлыг бодож мөнгөний бодлогыг сулруулах ёстой. Мөнгөний бодлогыг сулрууллаа. Арилжааны банкуудад нөөц нэмэгдлээ, зээл гаргая гээд зарлахад хэн очиж авах вэ. Банкны шалгуур өөрчлөгдөөгүй нөхцөлд хамгийн бололцоотой зээлдэгчид л очно шүү дээ. Дахиад л уул уурхайн салбарт очно. Тэрнээс биш жижиг, дунд үйлдвэрлэгчид тэнд давхиж очоод ямар ч нэмэргүй. Тэгэхээр бидний тавиад буй зорилго биелэхгүй, дэмжих гээд байгаа салбарт мөнгө нь очихгүй. Мөнгөний бодлого цаг хугацааны хувьд маш чухал. Одоо хүүгээ навсайтал буулгаад дэмж гээд байна. Яагаад ч болохгүй. Ингэх юм бол бүр аюултай. 2014-2015 оны шийдвэрийн дараа эдийн засаг нь хөдөлгөөнд ороогүй учраас чанаргүй зээл нэмэгдсэн шиг юм болно. Одоо эдийн засаг хөдөлгөөнд ороогүй учраас чанаргүй зээл гаргаж болохгүй. Арилжааны банкуудын зээлийн эдийн засагчид илүү мэдрэмжтэй сууж байх ёстой. Одоо арилжааны банкууд тэвчээртэй сууж байгаад Засгийн газраас эдийн засгаа дэмжих арга хэмжээ аваад хил худалдаа нээгдсэний дараа яг тэр хэрэгцээтэй үед дэмжиж, зээлээ гаргах ёстой. Тэгэх юм бол эдийн засагт дэмжлэг болно. Засгийн газрын бодлоготой хослуулж байна гэсэн үг.
-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.
Сэтгэгдэл ( 5 )
Чи одоо л мэдэж байгаа тэнгэрийн амьтан уу эдийн засгаар зогсохгүй ард түмэн нь ч эрүүл биш
Эдийн засаг гэж худлаа ярихаа болиод вирус судлал руу орж буй нь сайшаалтай.
Энэ бүгдийгээ хийхгүй яасан юм бэ . ? Одоо та нарт боломж олдохгүй ард түмэн чинь та нарт ИТГЭХ итгэл үнэмшил нь нуран унасан . 16 онд юу амлаж ГАРААД 9 төрлийн татвар нэмсэн . Татвараа төлөөд банкинд хийсэн хэдэн төгрөгнөөс хүртэл татвар авсан . Одоо та нар нуран УНАНА баяртай .
Эрүүлээр сэтгэнэ гэж нэг иймэрхүү л анзааны юм.
Ene gej yu ch medehgui yugaa zovlodog um bol doo, uls boon or shir, zailval taarna