Орчин цагийн утга зохиолын суут мастерууд болох Роберт Музиль, Франц Кафка, Херман Хессе, Хайнрих Бёлл, Томас Манн зэрэг олон герман хэлт зохиолчид бий. Өдгөө Франц Кафкагийн хэд хэдэн зохиол монгол хэлнээ орчуулагдсан байдаг. Сүүлд л гэхэд “Шүүх” романыг Монсудар хэвлэлийн газрын “Утга зохиол цуврал”-аас эрхлэн гаргасан нь уншигчдын хүртээл болсон. Харин “Утга зохиол цуврал”-ын шилдэгт зайлшгүй багтах ёстой зохиол бол Томас Манны “Венец дэх үхэл” тууж юм. “Венец дэх үхэл” туужийг герман хэлнээс орчуулагч Б.Ундрах хөрвүүлжээ.
Орчин цагийн герман хэлт зохиолчдоос Томас Манн уран бүтээлээрээ дээгүүрт үнэлэгддэг. Нобелийн шагналт эл нэрт зохиолчийн бүтээл анх удаа бүрэн эхээрээ эх хээл дээрх орчуулагдсан нь манай утга зохиолын орчуулгын урын санд нэгэн шинэ хуудсыг нээсэн. Хэдийгээр “Венец дэх үхэл” тууж нь зуун жилийн өмнө буюу 1912 онд бичигдсэн ч аль ч орны хэлээр хөрвүүлэгдэн, уншигчдын хүртээл болоход хэзээ ч оройтохгүй, цаг хугацааны шүүлтүүрийг давж чадсан мөнхийн бүтээл гэдэг нь уншихад илт.
Томас Манн “Шидэт уул”, “Иосиф түүний ах нар”, “Доктор Фаустус”, “Тристан Тонио Крёгер”, “Венец дэх үхэл” зэрэг романаас гадна богино хэлбэрийн үргэлжилсэн үгийн олон арван бүтээлүүдээрээ алдартай.
Түүний бүтээлүүд тус бүртээ онцлогтой ч ажиглагддаг нэг ижил зүйл гэвэл гүн ухаан, эртний домог, бэлгэдэл, сэтгэл зүйн ухагдахуун, нарийн бодрол, тааварлашгүй үйл явдал зэргийг зохиолынхоо дүрүүд болоод дүрслэлдээ шигтгэж өгдөг. Зохиолч маань анхны романаараа нэр алдарт хүрсэн гэдэг бол удаах “Шидэт уул” романаараа Нобелийн шагнал хүртсэн гэж бичсэн байдаг.
Зарим судлаачид Томас Манныг ижил хүйстнээ сонирхогч байснаа “Венец дэх үхэл” туужийн Ашенбахын дүрээр илэрхийлсэн ч хэмээн үздэг. Манн энэ тухайгаа өөрийн өдрийн тэмдэглэлдээ бичдэг байсан ийм дүгнэлт гаргахад хүргэжээ. Гэсэн ч зохиолч эр эхнэр, хүүхдийн хамт амьдардаг байсан гэдэг. Эндээс л уран бүтээлч хүний амьдралын янз бүрийн ээдрээг тольдож болох юм. Ер нь Томас Манн бүтээлд бүртээ өөрийгөө ямар нэгэн байдлаар илэрхийлсэн байдаг аж.
“Венец дэх үхэл” туужийн тухайд уран бүтээлч хүний сэрэл, мэдрэмж, хувь тавилан, оюун санааны эрэл хайгуул, хайр дурлал, ганцаардал, эмзэглэл, гашуудал зэргийг тун нарийн гаргаж өгсөн бүтээл хэмээн дүгнэхэд буруудахгүй болов уу. Туужид Густав фон Ашенбах гэх нэр хүндтэй зохиолчын тухай өгүүлнэ. Тиймдээ ч тус туужаас зохиолчийн дотоод ертөнц, мэдрэмжийг тэмтэрч унших нь тун сонирхолтой байлаа.
ТОМАС МАННЫ “ВЕНЕЦ ДЭХ ҮХЭЛ” НОМООС ОНЦЛОХ 10 ЭШЛЭЛ
Цэцэн ухаан гэдэг бол нэр төрөөс ч, чанд хатуу зарчмаас ч ангид зүйл. Цэцэн ухаан гэгч бүхнийг мэдэн, бүгдийг ойлгож, өршөөн хэлтрүүлнэ. Түүнд байр хандлага, хэлбэр дүрс гэж үгүй. Ангал руу татагдана. Өөрөө чухамдаа ангал юм. Тийм учраас л бид түүнийг эрс шийдмэг таягдан хаяж, гагцхүү гоо үзэсгэлэн рүү өөрөөр хэлбэл, эгэл жирийн, агуу их рүү, үүний дараа гэнэн сэтгэл, хэлбэр рүү эрмэлзэн тэмүүлэх учиртай.
Сэтгэгдэл ( 0 )