КОВИД-19 | Хоёр дахь давлагаанаас сэргийл!

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 15

АНУ-ын өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдээлснээр тус улсад хоногт 20 мянга гаруй тохиолдол, 646 нас баралт бүртгэгджээ. АНУ-д нийт халдварын тоо 2.132.468 болсон бол нийт нас баралт 117.400 болсон байна.

АНУ-ын дараа халдварын тоогоороо хоёрдугаарт орж байгаа Бразил улсад хоногт 9000 гаруй хүн эдгэрчээ. ОХУ-д өссөн дүнгээр 528.964 хүн коронавирусний халдвараар өвчилсөн бол Энэтхэгт хоногт 11900 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар 320.922 болсноор тус улс халдварын тоогоороо дэлхийд дөрөвдүгээрт бичигдэж эхэллээ. Шинэ Дели хотод халдвар өндөр хэвээр байна.

Европын бүсэд Их Британи, Испани, Италид халдварын тархалт буурсаар байгаа бөгөөд эрчимт эмчилгээнд хамрагдах иргэдийн тоо багассан сайн үзүүлэлттэй байна. Европын улс орнууд хоорондын хилээ харилцан нээх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд хязгаарлалтын арга хэмжээгээ цуцалж эхэлжээ.

Тэгвэл Номхон далайн баруун бүсэд БНСУ-д хоногт 37 тохиолдол илэрсний 24 нь дотоодын халдвар аж. Дийлэнх тохиолдол Сөүл болон Кёнги аймагт илэрчээ. Цахим худалдааны төв болон орон нутгийн жижиг сүмүүдтэй холбоотой халдвар нэмэгдсээр байгаа аж.

Японд Токиод 47 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь тавдугаар сарын 5-наас хойш бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болсон байна. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ коронавирусний хоёр дахь давлагаанаас сэргийлэх хэрэгтэйг анхааруулжээ.

 

Top