ДЭМБ-ын Ерөнхий захирлын мэдээлснээр сүүлийн хоёр долоо хоногийн туршид коронавирусний халдвар өдөр бүр 100 гаруй мянгаар нэмэгдэж байна. Халдварын дийлэнх нь Америкийн бүс болон Зүүн Өмнөд Азийн 10 орчим улсад төвлөрч байгаа аж. Бээжинд халдвар дахиж сэргэсэнтэй холбоотойгоор генетикийн нарийвчилсан судалгаа хийж байна. ДЭМБ улс орнуудад хандан халдвар дахин сэргэхээс сэргийлж, сонор сэрэмжээ улам чангатгах хэрэгтэйг санууллаа.
АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдээлснээр тус улсад хоногт 21900 гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ. Бразилд хоногт 20600 гаруй шинэ тохиолдол, 600 гаруй нас баралт бүртгэгдэж, нийт 888 мянга гаруй тохиолдол бүртгэгдээд байна.
Өмнөд Америкт Чилид халдвар эрчимтэй тархаж байгаа бөгөөд өдөрт дунджаар 5000 гаруй хүн халдвар авах болжээ. Эмнэлгийн ор болон хангамжийн нөөц хүрэлцэхгүй болсноор нийслэл Сантьяго хотод нь хөл хорио тогтоосон байна.
Номхон далайн баруун бүсэд Японд хоногт 76 шинэ тохиолдол илэрсний 62 нь дотоодын халдвар, 14 нь гаднаас зөөвөрлөгдсөн халдвар байжээ.
Өмнөд Солонгост илэрсэн 34 шинэ халдварын 21 нь дотоодын халдвар байжээ. Тус улсад хоногт нэг нас баралт бүртгэгдсэн байна. БНСУ-д энэ сарын 1-нээс хойш илэрсэн тохиолдлын 10.2 хувь нь халдвар хаанаас авсан нь тогтоогдох боломжгүй байжээ.
Бээжинд халдвар дахин сэргэсэнтэй холбоотойгоор судалгаа шинжилгээ хийхэд вирус Уханийн вируснээс халдварлах чадвараараа өндөр болохыг тогтоосон байна. ДЭМБ-аас вирус томууны улиралтай давхцан хүмүүст аюул учруулах эрсдэлтэйг анхаарууллаа.
