КОВИД-19 | Хятадад хоногт 44 тохиолдол илэрлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 17

Дэлхий дахинд коронавирусний халдварын нөхцөл байдал ямар байгаа талаарх мэдээллийг хүргэе. АНУ, Бразил, ОХУ, Энэтхэг, Их Британи улсууд халдварын тоогоороо тэргүүлж байна. Бразилын Сан Паулу, Рио де Жанейро хотуудад халдварын тархалт хамгийн өндөр байгаа аж. Гэсэн ч Бразил улс хязгаарлалтын арга хэмжээгээ сулруулж эхэлнэ гэдгээ мэдэгджээ.

Өмнөд Солонгост хоногт 43 шинэ тохиолдол, нэг нас баралт бүртгэгдлээ. Тохиолдлуудын 25 нь Сөүл болон Кёнги аймагт бүртгэгдсэн байна. Халдвар Сөүл болон эргэн тойрны нутаг дэвгэрт бүртгэгдэж байсан бол өчигдрөөс Сөүлээс гадна, өөр аймагт бүртгэгдэж эхэлжээ. Өмнөд Солонгос улс мөн гидроксин хлорихин болон хлорихин эмийг коронавирусний эсрэг хэрэглэж үзэх туршилтаа зогсоож байгаагаа мэдэгдсэн байна. Хэд хэдэн улс эдгээр эмийг хэрэглэхээ зогсоосон билээ. АНУ-ын Хүнс, эмийн агентлаг мөн дээрх эмийн зөвшөөрлийг цуцалжээ.

Коронавирусний халдвар дахин сэргэсэн Хятад улсад хоногт 44 тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээр тохиолдлын 33 нь дотоодын халдвар, 11 нь зөөвөрлөгдсөн тохиолдол аж. Дотоодын халдварын 31 нь Бээжин хот дахь хүнсний захтай холбоотой байжээ. Шинэ голомтоос халдвар авсан хүний тоо 137 болсон талаар БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хорооноос мэдэгдсэн байна. Шинээр бүртгэгдсэн халдваруудыг эмнэлгийн хяналтад авч чаджээ.

Бээжин хотын зарим дүүрэгт хөл хорионы өндөр дэглэм тогтоосон бол заримд нь дунд түвшний дэглэм тогтоосон байна. Түүнчлэн Бээжин хотын агаарын болон төмөр замын зорчих хөдөлгөөнийг зогсоожээ. Хятадын нийслэлд цар тахлын эмнэл зүйн томоохон туршилт, судалгааг гуравдугаар сараас эхэлсэн байна.

 

Top