BOOKTELLER: Дазай Осамүгийн “Хүн байх эрхгүй” номоос ОНЦЛОХ 10 ЭШЛЭЛ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 18

“Мөн ч их ичгүүр сонжуургүй амьдарлыг туулж ирлээ” хэмээн японы зохиолч Дазай Осамүгийн “Хүн байх эрхгүй” зохиол эхэлдэг. Эхлэлээсээ л хүний оршихуйн асуудлыг ичгүүр, сонжуургүйгээр хөндсөн нь илт. Тухайн зохиолд маш олон асуулт урган гардаг. Магадгүй зохиолч өөрийнхөө амьдралд бүдэрч байсан асуултуудаа зохиолдоо шингээсэн байж ч болох. Учир нь “Хүн байх эрхгүй” бэсрэг романдаа Дазай Осамү өөрийн түүхийг сүлэн бичсэн байдаг.

Хүүхэд ахуй цагаасаа л өөртөө итгэлгүй, гутранги нэгэн байсан нь түүнийг урлагийн зам руу хөтөлсөн. Анх зураач болох мөрөөдөлтэй мөн нэлээдгүй авьяастай байсан түүний замнал хэдэн цуврал манга зохиолын зураг зурахаас хэтэрсэнгүй. Ингээд тэр зохиол бичиж эхлэн, японы уран зохиолын томоохон төлөөлөгч нарт өөрийн байр суурийг хатуу илэрхийлсээр байв.

Дазай Осамү амьдралынхаа хугацаанд дөрвөн удаа амиа хорлох оролдлого хийж хамгийн сүүлийнх нь түүний амьдралыг бүр мөсөн эцэслэсэн юм. Ердөө энэ түүхээс л түүнийг амьдралдаа ямар их даваа нугачааг туулсан, юу үзэж, мэдэрч, ойлгосон нь ил.

Тэрээр “Жинхэнэ хувьсгалын төлөө үзэсгэлэнтэй мөхөл хэрэгтэй.., Жаахан сул дорой бай, зохиолч юм бол жаахан сул дорой бай.., Ном уншихгүй байна гэдэг чинь ганцаардлыг мэдэхгүйн шинж..,” гэх зэргээр өөрийн үзэл бодлыг тод томруунаар илэрхийлэн бичсэн нь өдгөө ч уншигчдийн дунд алдартай.

Ингээд хорьдугаар зууны Японы уран зохиолын нэрт төлөөлөгч, зохиолч Дазай Осамүгийн “Хүн байх эрхгүй” бэсрэг романаас онцлох 10 эшлэлийг хүргэе.
 

  1. Хүний үнэн төрх нь санаандгүй аймшигтай уур хилэнгээр дамжин нүүрэн дээр нь  ил гарч ирэхийг харахуй хамаг шар үс босох шиг болж, тэгээд хүний энэ төрөлх авир бас амьд явахад нь хэрэгтэй эрхүүдийн нэг байх даа хэмээн бодохоос өөртөө гутарч итгэл алдарна.
     
  2. Гайхалтай нь хүмүүс бие биенээ хууран мэхлэх хэрнээ огт гомдож гутардаггүй, бүр хууран мэхэлж байгаагаа ч анзаарах шинжгүй үнэн яруу тод, ёстой жинхэнэ цэвэр ариухан, гал цогтой үл итгэлцлийн жишээнүүд амьдрал дээр түм бумаараа байдаг шиг.
     
  3. Учир нь энэ нийгмийн хууль дүрэм гээч нь тун чиг аймаар (Түүнээс ёроолгүй их хүч мэдрэгдэнэ), бүтэц зохион байгуулалт нь ойлгогдошгүй, голдоо ортол жихүүцэм, цонх ч үгүй хүйтэн өрөөнд тогтож суухын аргагүйд хүрэхэд гадаа цэлийх хууль бусын хөлгүй их далайд үсрэн ороод сэлсээр удахгүй үхээд өгөх нь миний хувьд амар юм шиг санагдана.
     
  4. Аймхай хулчгар хүн аз жаргалаас хүртэл эмээдэг ажээ.
     
  5. Гунигтай байна. Би бүсгүй хүнийг зовлон жаргалаа эх адаггүй урсгаж сууснаас энэ ганц үгийг шивнэхэд л ойлгоно шүү дээ гэж хүлээн суувч энэ хорвоогийн нэг ч бүсгүйгээс ийм үг сонсоогүйдээ гайхаад үл барна.
     
  6. Ай, хүн гэгч бие биенээ үл ойлгож, тэс өөрөөр бодож явдаг хэрнээ түүнийгээ насан туршдаа анзааралгүй нэгнээ нас барахад, сайн анд минь даанч яав даа хэмээн гашуудлын дуун өргөж, бие биеэ ойлгож явсан юм шиг эмгэнэлийн үг хэлж зогсдог бус уу.
     
  7. Ингэхэд хорвоо гэж хэн юм бэ? Олон хүний нэгдэл үү? Тэр хорвоо хэмээх юм чухам хаана оршино вэ? Хорвоо гэдэг хувь хүн бус уу... Нийгмийн асуудал болбоос хувь хүний асуудал, зон олон болбоос хүний хорвоо бус хувь хүн.
     
  8. Уйтгар гунигт автсан сэтгэлд урам зориг өгдөг нь ялимгүй согтоох увдистай ямхын чинээ жүнз дарс буюу...
     
  9. Бүсгүй хүний эр зориг гэдэг эр хүнийхээс арай жаахан өөр утгатай боловч өөрийн туршлагаас дор хаяж хот суурингийн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тухайд хэлэхэд эрэгтэйгээс илүү эмэгтэйд нь баатарлаг шинж чанар арвин их байдаг. Эрчүүл ихэвчлэн гайхан гөлөрнө, баахан дүр эсгэнэ тэгээд харамч.
     

Цагаан цайлган сэтгэл гэдэг гэм нүгэл юм уу?

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top