Шүүхэд ялж байсан азарган тахиа хорвоог орхижээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 19

Францын Рошфор мужийн шүүхээс 2019 онд өглөө эрт донгодох албан ёсны зөвшөөрөл авч байсан Морис хочтой азарган тахиа зургаан насандаа хорвоог орхисон тухай “France Bleu” радио мэдээлжээ.

Тахианы эзэн Корин Фессо алдартай тахиа нь өнгөрсөн таван сарын эхээр үхсэн ч энэ тухай мэдээлэх эсэхээ шийдэж чадахгүй байсан аж. Түүний хэлснээр, цар тахлын улмаас хөл хорионд орсон хүмүүсийн сэтгэлийг зовоохыг хүсээгүй байна.

Шаранта тосгонд амьдардаг Морис азарган тахиаг тойрсон үйл явдал нэгээс ч илүү жил үргэлжилжээ. Морис тахиа өглөөний өдөр бүр 06.30 цагт донгоддог бөгөөд чимээнд нь залхсан хөршүүд нь Морисыг эзэн Корин Фессогийн хамтаар шүүхэд өгч, нэг мянган еврогийн нөхөн төлбөр нэхэмжилсэн байна. Хөршүүд нь энэ мөнгийг далайд амь үрэгдсэн далайчдад тусламж болгон хандивлана гэж мэдэгдэж байжээ. 2017 онд шүүхэд гаргасан гомдолд 155 мянган хүн гарын үсэг зурсан аж. Гэхдээ дуу ихтэй шувууг шүүх хурал 2019 оны долоодугаар сард зарлагдсан ч нэхэмжлэгчид ч тэр, буруутан Морис ч тэр ирээгүй тул шүүхийн шийдвэр гаргах товыг мөн оны есдүгээр сарын 5-ныг хүртэл хойшлуулжээ. Рошфор мужийн шүүх эцэст нь хэргийг Морисын талд шийдэж, шинэ өдөр эхэлсэн тухай орчин тойрондоо зарлаж байх албан ёсны зөвшөөрөл олгож байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top