КОВИД-19 | Улс орнууд хамгаалалтаа сулруулснаар вирус ХУРДАЦТАЙ ТАРХАЖ БАЙНА

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 20

ДЭМБ-ын Ерөнхий захирал дэлхийн хэмжээнд бүх улс орны хүн ам хөл хорионоос залхаж, хамгаалалтаа сулруулж байгаатай зэрэгцэн коронавирус маш хурдацтай тархаж байгааг анхаарууллаа. Хүн төрөлхтөнд энэ вирусний дархлаа байхгүй тул халдварт өртөмтгий хэвээр байгааг анхааруулж байна.

Халдварын тоогоороо дэлхийд тэргүүлж байгаа АНУ-д хонгт 23100 гаруй шинэ тохиодол, 733 нас баралт бүртгэгджээ. Тус улсад 118.300 гаруй хүн эндээд байна.

Бразилд халдварын тоо нэг саяыг давсан билээ. Тус улсад хоногт 1206 нас баралт бүртгэгджээ. Нийт нас баралт 48950-ыг давсан байна. 507 мянга гаруй хүн эдгэрээд байгаа бол 476 мянга гаруй хүн идэвхтэй халдвартай байгаа талаар ЭМЯ-наас нь мэдээлжээ.

Номхон далайн баруун бүсэд Японд хоногт 71 тохиолдол бүртгэгдсэний 68 нь дотоодын, гурав нь гаднаас зөөвөрлөгдсөн халдвар байна.

БНХАУ-д хоногт 27 шинэ тохиолдол бүртгэгдсэний 23 нь дотоодын халдвар бол дөрөв нь гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол аж. Ихэнх тохиолдол Бээжин хотод бүртгэгдсэн бөгөөд шинж тэмдэггүй халдварын долоон тохиолдол илэрсэн байна. Бээжин хотын хүнсний захаас эх уурхайтай халдварын тоо 205 болжээ.

Хятад улсад шинээр илэрсэн вирусний генийн дарааллыг тогтоож, генийн мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлсэн байна. Бээжин хотод илэрсэн вирус нь Европт илэрсэн вирустэй генийн хувьд ойролцоо омгийнх байгааг мэдээлжээ.

Дээрх судалгаа нь коронавирусний халдвар хэзээ ч дахин сэргэж, аюул учруулж болохын дохио гэж ДЭМБ анхаарууллаа.

 

Top