АНУ, Бразил болон Пакистан улсад хоногт илэрсэн шинэ тохиолдлын тоо нэмэгдсээр байна. Пакистанд халдвар хоногт 5000-аар нэмэгдсэнээс болж эмнэлгийн ачаалал нэмэгдэж, шинэ өвчтөнүүдийг хүлээж авах боломжгүй болжээ.
Урд хөршид Бээжин хотын хүнсний захтай холбоотой өвчлөлийн тоо нэмэгдсээр байна. Тус захаас авсан 200 төрлийн шинжилгээнд коронавирус илэрчээ. Захын вандан, мах, хүнсний ногоо, жимснээс коронавирус илэрсэн байна. Мэргэжилтнүүд коронавирус чийглэг, харанхуй, агаар муутай орчинд илүү их өсөж үрждэг болохыг анхаарууллаа.
АНУ, Герман, Англи, Бельгид мөн хүнсний зах, махны үйлдвэртэй холбоотой өвчлөл илэрсэн билээ. ОХУ-д шинээр 7728 хүн өвчилж, 109 хүн нас барсан бөгөөд шинэ өвчлөлийн тоогоороо дэлхийд дөрөвдүгээрт орж байна.
Коронавирусний халдвараар дэлхий дахинд хагас сая хүн нас бараад байгаа юм. Дэлхийн хэмжээнд нас баралт 5.3 хувьтай байна. Европын бүсэд тархалт тогтворжиж байхад Зүүн өмнөд Ази, Дундад Азид нэмэгдсээр байгаа аж. Батлагдсан тохиолдолтой хавьтал болоогүй хадвар ч бүртгэгдэж байгаа гэнэ. Бээжинд 2.3 сая хүнд шинжилгээ хийгээд байгаа аж.
ДЭМБ-ын мэдээлснээр коронавирусний халдвартай холбоотойгоор Нидерландад болон хэд хэдэн улс оронд хавдрын илрүүлэг буурчээ. Америкийн бүсэд халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлт, эмчилгээ үйлчилгээ доголдсон дүн гарсан байна.
Дэлхий дахинд 1.7 тэрбум хүн ямар нэгэн архаг суурь өвчтэй, коронавирусний хүндрэл үүсэх эрсдэлтэй байгаа бөгөөд томууны бэлэн байдлыг хангаж ажиллахыг ДЭМБ анхааруулж байна.
