КОВИД-19 | Хятадад дотоодод шинэ халдвар бүртгэгдсэнгүй

2020 оны 07 сарын 07

Номхон далайн баруун бүсэд Японд 179 шинэ тохиолдол, Вьетнамд 14 шинэ тохиолдол бүртгэгджээ. Вьетнамд 81 хоногийн туршид халдвар бүртгэгдээгүй байсан юм. Шинэ халдварууд бүгд гадаадаас ирсэн Вьетнамын иргэд аж. Тус улсад нийт халдвар 369, нас баралт бүртгэгдээгүй байна.

Австралид хоногт 140 халдвар бүртгэгдсэний 127 нь Виктория болон Шинэ Өмнөд Уэлс мужид илэрчээ. Мельбурн хотод дэгдсэн халдварын тархалтыг хязгаарлах үүднээс нийтийн орон сууцны хорооллын оршин суугчдыг гадагш гарахыг хориглосон байна.

БНСУ-д хоногт 44 тохиолдол, нэг нас баралт бүртгэгджээ. Тохиолдлуудын 24 нь гаднаас зөөвөрлөгдсөн байна.

Тэгвэл Хятадад хоногт дотоодод шинэ халдвар бүртгэгдээгүй бөгөөд гаднаас найман тохиолдол зөөвөрлөгдөн бүртгэгджээ. Тус улсад зургаадугаар сарын 11-нээс хойш 335 тохиолдол бүртгэгдсэнээс 15 хүн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.

 

Top