КОВИД-19 | Хятадад дотоодод шинэ халдвар бүртгэгдээгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 09

Дэлхий дахинд өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 173 мянган тохиолдол нэмж бүртгэгджээ. АНУ, Бразил, Энэтхэг улс халдварын тоогоороо тэргүүлж байна. АНУ-д хоногт 50 мянга гаруй шинэ тохиолдол, Бразилд 40 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ. Тус улсад 624 мянга гаруй хүн идэвхтэй халдвартай байна.

Латин Америкт Чили, Перу, Аргентин улсад халдвар эрчимтэй нэмэгдсээр байгаа аж.

Энэтхэгт хоногт 22700 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн бол тус улсын ард, дэлхийд дөрөвдүгээрт бичигдэж байгаа ОХУ-д шинээр 6500 гаруй тохиолдол нэмж бүртгэгджээ.

Номхон далайн баруун бүсэд Филиппинд хоногт 2539 халдвар нэмж бүртгэгдсэн нь халдвар тархсанаас хойш нэг өдрийн дотор илэрсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Филиппинийн хэмжээнд хөл хориогоо чангатгах шийдвэр гаргасан байна.

Японд хоногт 207 шинэ тохиолдол бүртгэгдсэний 75 нь нийслэл Токио хотод илэрчээ. Тэгвэл Австралийн холбооны улсад 147 шинэ тохиолдол бүртгэгдсэний дийлэнх нь Виктория мужид бүртгэгдсэн байна.

Өмнөд Солонгост шинэ тохиолдол буурч, хоногт 43 тохиолдол бүртгэгджээ. Тус улсад сүмүүдтэй холбоотой халдвар нэмэгдсэн байна.

Хятадад хоногт дотоодод шинэ халдвар бүртгэгдээгүй ба есөн гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол илэрчээ. Хятадын тусгай захиргааны бүс Хонконгт 24 шинэ тохиолдол бүртгэгдсэний 19 нь дотоод дахь халдвар бол бусад нь гаднаас зөөвөрлөгдсөн байна.

 

Top