КОВИД-19 | Хятадад хоногт 39 тохиолдол бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 13

Дэлхий дахинд коронавирусний халдварын тоо нэмэгдсээр байна. Өнөө өглөөний /2020.08.13/ байдлаар нийт 20.423.897 хүн өвчилж, 744 мянга гаруй хүн нас баржээ.

Хойд хөрш ОХУ-д хоногт 5000 гаруй тохиолдол, 129 нас баралт бүртгэгдсэн байна. Коронавирусний халдварын тоогоор дэлхийд тэргүүлж байгаа АНУ, Бразил, Энэтхэгт хоногт 50-60 гаруй мянган тохиолдол илэрчээ.

АНУ-ын мэргэжилтнүүд эцэг эхчүүдэд хандан хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч, халууныг нь байнга үзэж байх хэрэгтэйг сануулжээ. Тус улсад хүүхдүүд коронавирусний халдвараар өвчлөх тохиолдол их байгаа юм. Иргэд та бүхэн хүүхдийнхээ эрүүл мэндийн талаар утсаар эмчээс зөвлөгөө авч байх нь чухал юм.

Түүнчлэн ДЭМБ коронавирусний халдвартай холбоотой буруу ташаа мэдээллээс болж дэлхий дахинд 800 гаруй хүн нас барсныг анхааруулав. Иймээс иргэд та бүхэн Эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн байгууллагуудаас өгч байгаа зөвлөмжийг дагах хэрэгтэй юм.

Азийн орнуудаас Японд сүүлийн үед халдвар огцом өсөж байна. Тус улсад хоногт 978 хүн коронавирусний халдвараар оношлогдсон бол Хятадад 39 тохиолдол бүртгэгджээ. Эдгээрийн 26 нь зөөвөрлөгдсөн тохиолдол аж. Урд хөршид сүүлийн хэд хоногт зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй байсан юм. Шинжаан-Уйгурт найман тохиолдол бүртгэгдсэн байна.

Top