КОВИД-19 | Өмнөд Солонгост хоногт 103 тохиолдол бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 14

Өмнөд Солонгост 24 цагийн дотор коронавирусний халдварын 103 тохиолдол бүртгэгдсэн талаар тус улсын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдээллээ. БНСУ-ын нийт тохиолдлын тоо 14.873 болжээ.

Тус улсад эдгэрсэн хүний тоо 13.863 болсон бол 305 нас баралт бүртгэгдээд байна.

ДЭМБ саяхан хүн коронавирусний халдвараар хоёр дахь удаагаа өвчилнө гэж одоогоор баттай хэлж чадахгүй гэжээ. Зарим улсад коронавирусээр дахин халдварласан тохиолдлууд бүртгэгдээд байгаа ч энэ нь хараахан батлагдаагүй гэж ДЭМБ үзэв.

Түүнчлэн Их Британи улс өнөөдөр /2020.08.14/ иргэд нь тус улсын хилээр нэвтрэхэд нээлттэй байсан орнуудаас Франц, Нидерланд, Монако зэрэг хэд хэдэн улсыг хасаж байгаагаа мэдэгдлээ. Эдгээр улсаас ирж буй хүмүүсийг заавал тусгаарлалтад хамруулна гэдгээ мэдэгджээ. Тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон “Коронавирусний тархалтыг зогсоохын тулд бид хөрш орнууддаа ч хатуу хандахаас өөр аргагүй” гэсэн байна.

Их Британи нь коронавирусний цар тахлын үеэр хилээ хаагаагүй Европын цөөн хэдэн орны нэг юм.

 

Top