КОВИД-19 | Японд өвчлөл нэмэгдэж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 03

Коронавирусний халдвараар дэлхий дахинд 25 сая 726 мянган хүн өвчилж, 866 мянган хүн энджээ. 24 цагийн дотор 245 мянган хүн шинээр халдвар авсан байна. Энэ нь өвчлөл өмнөх өдрийнхөөс 37 мянгаар, эндэгдэл 1000-аар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Хойд хөрш ОХУ-д хоногт 4962 хүн шинээр халдвар авч, 115 хүн энджээ. Орост халдвар тогтвортой өссөн хэвээр байна. Хятадад хоногт 20 тохиолдол бүртгэгдсэний 11 нь зөөвөрлөгдсөн тохиолдол аж. Японд хоногт халдварын тоо 592-оор нэмэгдэж, 14 хүн эндсэн байна. Тус улсад өвчлөл, эндэгдэл тогтвортой нэмэгдэх хандлагатай байна.

Өмнөд Солонгост 195 хүн шинээр халдвар авчээ. Өмнөд Солонгосын хувьд сүүлийн 14 хоногийн хугацаанд өвчлөл эрс нэмэгдэж байгаа учир дэгдэлтийн цар хүрээг нэмэгдүүлэхгүй байхын тулд зайнаас харилцах нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг улам эрчимжүүлэх хэрэгтэйг анхааруулжээ. Мөн сүмийн үйл ажиллагаа, хүмүүсийн цугларалт зэрэг олныг хамарсан үйл ажиллагаанаас болж өвчлөл гарч байгаа гэв. Тус улс халдварын хоёр дахь давлагаатай тэмцэж байгаа энэ үед 10-аас дээш хүн цугларахыг хориглох, спортын тэмцээн уралдаан, хуримын үйл ажиллагааг хааж, хүмүүсийг хөл хорионд оруулах шаардлагатай байна гэжээ.

Өмнөд Солонгосын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс “Халдварын хоёр дахь давлагааг хянаж чадах эсэхийг ойрын хоёр долоо хоног шийдэх болно” гэж анхааруулжээ.

 

Top