КОВИД-19 | БНСУ-д цугларалт зохион байгуулсан байгууллагаар эмчилгээний зардлыг төлүүлнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 04

Коронавирусний халдвар дэлхийн 216 улсад бүртгэгдэж, нийт 26 сая 6000 хүн халдвар авч, 872 мянган хүн нас бараад байна. Өвчлөл сүүлийн саруудад 4-5 хоногт нэг саяар нэмэгдэж байсан бол энэ долоо хоногт гуравхан өдрийн дотор нэг саяар нэмэгджээ. Энэ нь халдварын тархалтын эрч улам ихсэж байгааг харуулж байна.

Зарим улсад өвчлөл буурах хандлагатай байгаа ч заримд нь халдвар дахин сэргэж байгаа аж. Дэлхий дахинд хоногт 279 мянган хүн шинээр халдвар авч, 6000 хүн нас барсан байна.

Хойд хөрш ОХУ-д 24 цагийн дотор 4995 хүн шинээр халдвар авч, 114 хүн энджээ. Хятадад хоногт 33 тохиолдол шинээр бүртгэгдсэн бол Японд 659 хүн шинээр халдвар авч, долоон хүн нас барсан байна. Тус улсад эндэгдлийн тоо үл ялиг буурах хандлага ажиглагдаж байна.

Өмнөд Солонгост шинээр 189 тохиолдол бүртгэгджээ. Тус улсад сүүлийн 14 хоногийн хугацаанд нийгмийн эрүүл мэндийн үндсэн арга хэмжээ болох зай барих, аль болох гэртээ байх, ажлаа гэрээсээ хийх нөхцөл бололцоогоор хангаж ажиллаж байгаа аж. Мөн сүмийн цугларалт, уулзалт зохион байгуулсан байгууллага, хувь хүнээр эмчилгээний зардлыг төлүүлэх арга хэмжээ авна. Хөл хорионы арга хэмжээнд саад учруулсан хүнд хуулийн хариуцлага тооцно. Буруу ташаа мэдээлэл тарааж, ард нийтийн сэтгэл санааг үймүүлсэн үйлдэлд торгууль тавих ажээ.

 

Top