Түм түчигнэж, бум бужигнасан их хотын амьдрал үргэлжилсээр. Өглөө ажилдаа яаравчлан алхах залуус, тэтгэврээ авахаар дугаарлаж буй хөгшид, хичээлдээ гүйлдэх багачууд, замын түгжрэлд залхуутайяа урагшлах машин энэ өдрүүдийн өнгө төрх. Эдгээр хүмүүсийн ард амьдрал өрнөн буй. Хүмүүс өөр, өөрийнхөөрөө амь зуулгаа залгуулж, өөр, өөрийнхөө түүхийг бүтээсээр явна. Бидний хэлж заншсанаар Багшийн дээдийн гудамжинд эрдэмтэн докторууд, ирээдүйн боловсон хүчин, оюутан залуус, тэр ч бүү хэл гуйлгачин түүлгэчинээс эхлээд жижиглэнгийн худалдаачид, явуулын наймаачид, таксичид, “бөбөчид” сүлжилдэн хөлхөлдөж байдаг их хөлийн газар. Замын урд талын нүхэн гарцад нэгэн эрэгтэй морин хуур татаж суух. Гурав, дөрвөн жилийн өмнөөс энэхүү “ажлын байр”-ндаа үнэнч яваа түүнийг хүмүүс андахгүй. Дэргэдүүр нь өнгөрөх хүмүүс өмнөө тавьсан сагсанд нь тав, арван төгрөг хийж байгаа харагдах. Түүний хариуд тэрбээр талархсан сэтгэлээ илэрхийлэх аж.
ӨДӨРЖИН СУУЖ ОЛСОН МӨНГИЙГ НЬ СОГТУУ ХҮМҮҮС ШҮҮРЭЭД ЗУГТААХ НЬ ЭНҮҮХЭНД
Монгол дээл, хантааз, сампин оройтой малгай, ээтэн гутал өмссөн түүнийг С.Жаргалсайхан гэдэг. 50 насны босго давж байгаа тэрбээр Увс аймгаас гаралтай. Хөдөө мал дээр байж байгаад амьдрахын эрхэнд нийслэлд төвхнөжээ. Хүрээ хотод ирээд 20 гаруй жил болж байгаа тэрбээр Дэнжийн мянгад ачигчаас эхлээд барилгын туслах гэх мэт хар, бор ажил хийсээр өдийг хүрчээ. Гурван жилийн өмнөөс Багшийн дээд дээр морин хуур тоглож өдрийнхөө хоолыг олдог болсон. Түүний хуурын татлага нүхэн гарцны хонгилоор цуурайтан хүнгэнэж сэтгэлийн гүн рүү хуйлран урсана. Техник, технологийн эрин зуунд робот шиг “төмөржсөн” хүмүүний сэтгэлийг нэвтлэн ийн дэнслүүлэхэд “Бид чинь хүн шүү дээ” гэх уярал, ухаарлыг төрүүлнэ. С.Жаргалсайхан Чингэлтэй дүүргийн 17-гийн буудлаас өглөө найман цагт “ажилдаа” зорьж ирээд орой 18 цагт буудаг. Нүхэн гарцны шатны булан түүний эзэмшлийн хэсэг. Өдөржин хүйтэн цемент дээр олбогорхуу юм дэвсээд хуураа татаж суух. Хүмүүс мөнгөний саванд нь "нимгэн" дэвсгэрт хийсээр үдэш гэхэд овоо "зузаарчихна". Заримдаа нутгийн “инданууд” буюу согтуу хүмүүс орлогоос нь шүүрээд л зугтаадаг гэв. Биднийг ярилцаж байх үед хувцас хунар нь нооройсон, архины эхүүн үнэр нэвт сэнгэнүүлсэн хөлчүү эмэгтэй “Надаа 500 төгрөг өгчих тэгэх үү” хэмээн царайчлан гуйж байлаа. Жаргалсайхан “Би архи уудаг хүнд дургүй. Хүн архинаас л хол байх хэрэгтэй” гэж жигшингүй өгүүлэв. Тэрбээр 17-д айлын хашаанд 70 гарсан эх, алгын чинээ зээтэйгээ амьдардаг аж. Түүний зээ охин нь тавдугаар ангид сурдаг. "Охиныхоо хичээлийн хэрэгслийг бэлдэхэд 300 мянган төгрөг зарцуулсан. Юмны үнэ өсөөд хэцүү байна" гэж шогшров. Зээ охиныхоо тухай ярихдаа харц нь гэрэлтээд ирэх. Амины ганц үр нь юмсанж. "Ирээдүйд эмч болох хүсэлтэй бяцхан зээгийнхээ төлөө энэ амьдралаа зориулж явна даа" гэхэд нь хоолой нь зангирав. Өдөржин халуунд халж, хүйтэнд хөрж суусан мөнгөөрөө зээ охиндоо хадгаламж нээчихсэн. Илүү гарснаар нь охиндоо өнгөтэй өөдтэй, амттай шимттэйг аваад харих л хамгийн аз жаргалтай. Жаргалсайхан өдөрт 20-50 мянган төгрөг олдог аж. Хэрэв энэ мөнгөөр архи уучихвал өтөл болсон ээж, өөдсийн чиний зээ нь хоосон хононо шүү дээ. Тиймээс тэр архинаас цэрвэдэг гэдгээ ч нуусангүй.
ХУЛГАЙ ХИЙЖ, ХУДАЛ ХЭЛЭЭГҮЙ БОЛОХООР ГУДАМЖИНД СУУГААДАА ИЧДЭГГҮЙ
Нутгийнх нь хөгшчүүд язгуур урлаг, ёс заншлаа дээдэлдэг улс. “Өвгөдөөсөө өвлөж авсан эрдэм нь өдгөө ийнхүү аминд орж байна даа” хэмээн тэрбээр инээмсэглэв. Хуурч маань “Жалам хар”, “Цацал”, “Тохом хайрхан”, “Жонон хонгор” зэрэг цайны хэдэн үзүүлбэртэй. Гудамжны урлаг гэдэг европ тивд аль эртнээс үүсэлтэй бөгөөд урлагийн нэгэн төрөл болтлоо хөгжсөн билээ. Харин манай улсад хэцүү амьдралтай улс л аргагүйн эрхэнд гудамжны буланд баянхуур татаж, шагшуурга шажигнуулж зогсдог гэсэн ойлголттой байдаг. Хүнээс зүгээр гуйлга гуйгаагүй авьяас чадвараараа мөнгө олж амьдарч байгаа түүнийг буруутгах аргагүй. Тэрбээр хулгай хийж, худал хэлээгүй болохоор гудамжинд суугаадаа ичдэггүй гэсэн юм. Багшийн дээд орчмын цагдаа нар ч түүнд сайн ханддаг аж. Зарим хүмүүс түүний уран бүтээлд талархан хоол, цайнд ч оруулдаг талаар тэрбээр баяртайгаар өгүүлж байлаа.
Хуучин хуурынх нь нум элэгдэж, нумын чавхдас нь тасарсныг нааж торгоожээ. Сийлбэр бүхий түүний хуур хэрэндээ л ганган эд байсныг ур хийц нь гэрчилнэ. “Хуур маань одоо ч үеэ өнгөрөөж байна даа. Мөнгөтэй болохоороо Нарантуул зах дээрээс шинэ хуур худалдаж авна даа” гээд халцарч хуучирсан хуураа нямбайлан илэв. Хуур гэдэг монгол хүний хүндлэн дээдлүүштэй эд. Сүүлийн үед хүүхдүүд морин хуур тоглож сурахаар эрмэлзэж буйд олзуурхдаг аж. Хуурынхаа эгшгээр хөглөгдөж амьдарч байгаа тэрбээр хуургүй бол гаргүйтэй л адил. Түүний дэргэд таягтай хөгшин хааяа ирж суун хүмүүсээс гуйлга гуйдаг аж. Үр хүүхэд нь хайхрахаа больсон хөдөлмөрийн чадваргүй болсон хөгшнийг хараад Жаргалсайхан “Хүн гэдэг залуу зандан насандаа мөнхийн юм шиг санаж дарвиж сагаж явдаг аж. Эцэст нь хөгшрөөд хүний гарт ороод ирэхээр үнэхээр өрөвдмөөр юм даа.
Би танагтай байгаа дээрээ аятайхан ажил төрөлд ороод, алгын чинээ зээгээ амьдралтай залгуулчих юм сан. Тэр минь л миний хөлийг хучих хүн дээ” гэж өөрийн эрхгүй боджээ. Тэрбээр гэрээ аваад албан байгууллагын хашаанд манаачаар буучихвал энэ өвөлдөө дулаан өвөлжих болов уу гэдгээ цухуйлгаж байлаа. Архи дарс уудаггүй, тохитой болохоор хүний итгэл алдахгүй гэдгээ ч нэмж хэлэв. Жаргалсайхан “Хар багаасаа малын захад өнжиж, сургууль соёлоор боловсроогүй болохоор ажил олддоггүй. Залуус ажил голоод, залхуураад хийдэггүй, би залуудаа олдсоноо л хийдэг байсан. Одоо бие дийлэхээ байжээ. Гэхдээ нэг газар харуул, манаачаар ажиллаад дөнгөчихнө. Сүүлийн үед жаахан охид тамхи татаад, согтуу хөлчүү үзэгдэх юм. Түүнд л их сэтгэл эмзэглэдэг” гэлээ. Намрын сэрүүн жаварт хүйтэн хонгилын үзүүрт ямар нэгэн итгэл, найдвар, горьдлого хүлээлтийг санагдуулах морин хуурын аялгуу эгшиглэсээр хоцров. Энэ аялгууны цаана эр хүний сэтгэл, энэлэн шаналан, ихийн их хүсэл, эрх охиных нь ирээдүй буй.
Сэтгэгдэл ( 1 )
boliulaachee