Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилох үйл явц парламентын түвшинд үргэлжилж байна.
Тэрбээр өнөөдрийн /2025.06.12/ УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр "Монгол Улсын эрх ашгийн төлөө хэнтэй ч хамтарч ажиллахад бэлэн" хэмээн олон нийтэд байр сууриа илэрхийлж байгаа харагдана. Түүнчлэн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үйл хэргийг үргэлжлүүлнэ гэдгээ ч мэдэгдсэн билээ.
Харин Г.Занданшатарын Засгийн газар улс төрийн бусад нам, эвсэлтэйгээ хамтрах эсэх нь, төрийн ажлыг хамтдаа тодорхойлж явах, цаашлаад хариуцлагаа ч хамтдаа үүрэх эсэх нь хараахан тодорхой болоогүй байна. Ганц тодорхой уншигдаж байгаа зүйл нь дараагийн Засгийн газар дангаараа төрийн ажлыг таслалгүй авч явах боломж хомс гэдэг л байна. Тиймдээ ч улс төрийн хүрээнийхэн МАН-ыг бусад нам, эвсэлтэйгээ хамтарч Засгийн газраа байгуулахаас өөр сонголт байхгүй гэж ярьж, тэр хэрээр хэвлэлийнхэн ч бичицгээж байна.
Тэгээд ч өмнөх Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар АН, ХҮН намтай хамтарсан. Харамсалтай нь, гурван намын хамтарсан Засгийн газар жил хүрэхгүй настай байв. Гэсэн ч улс, эх орны эдийн засагт үр өгөөжөө өгөх олон төсөл хөтөлбөр, томоохон мега төслийг гараанаас гаргаж, хөдөлгөсөн. Хэдийгээр одоо АН-ынхан дараагийн Засгийн газарт хамтрахгүй, орж ажиллахгүй гэж мэдэгдэж байгаа ч нам нь хоёр хуваагдсан байдалтай байгаа нь үнэн. Нэг хэсэг нь хамтарна, нөгөө хэсэг нь хамтрахгүй гэх байр суурийг илэрхийлж байна.
Хэрэв АН-ынхан өөрсдийнхөө ирээдүйг, ирэх 2028 оны УИХ-ын сонгуульд одоогийн 42 суудлаа ахиулж авья л гэж бодож байгаа бол тойргийн гадна үлдэх хэрэгтэй. Тойргийн гадна үлдэж, сөрөг хүчний үүргээ биелүүлж байж олон нийтээс оноо авна, нам нь ч "амьд үлдэнэ". Түүнчлэн 2024 оны сонгуульд ялагдал хүлээлгэсэн АН-ын дарга Л.Гантөмөрийгөө сольж, шинэ даргаа томилох хэрэгтэй. Учир нь, АН-д намыг нь аваад явчих Л.Гантөмөрөөс илүү туршлагатай, тулхтай олон улстөрч бий. Тэд ХҮН нам шиг, эсвэл ИЗЗН шиг хүний нөөцгүй улс төрийн хүчин биш билээ.
Сэтгэгдэл ( 0 )