Казахстанд өнгөрсөн шөнө коронавирусний халдварын тоо 60-аар нэмэгдэж, нийт халдварын тоо 106361 болжээ. ТАСС агентлагийн мэдээлснээр тус улсад гаднаас зөөвөрлөгдөж орж ирсэн нийт тохиолдлын тоо 1627 болсон байна.
Тус улсад цар тахал эхэлснээс хойш нийт 99654 хүн эдгэрчээ.
Казахстанд өнгөрсөн сарын 31-нээс эхлэн хөл хорионы арга хэмжээг сулруулна гэж мэдэгдсэн юм. Үүний дагуу бассейн, дасгалын заал, спорт комплексууд тусгай журамтайгаар нээгджээ.
Казахстан улс Оросоос “Спутник V” вакцин авах асуудлаар хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.
ОХУ-ын боловсруулсан “Спутник V” вакцин нь эсрэг биет үүсгэдэг аж. Вакцин хийлгэсний дараа халуурах, толгой өвдөх зэрэг гаж нөлөө илэрч байгаа ч коронавирусний эсрэг биет үүсгэж буй нь тогтоогджээ. АНУ болон Европын орнууд Оросын вакциныг эмнэлзүйн дөрвөн шатлалт туршилтын дараа хэрэглээнд нэвтрүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа аж.
