Путин, Трамп хоёр Шнобелийн шагнал хүртлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 18

Жил бүрийн намар дэлхий ертөнц Нобелийн шагналтнуудаас гадна Шнобел (Ig Nobel Prize) хэмээх олон улсын хошин шагналын эздийг тодруулан, баяр хүргэдэг уламжлалтай.

Шнобелийн шагнал буюу Нобелийн эсрэг шагналыг 1991 онд анх олгожээ. Цар тахлын улмаас энэ жил шагнал гардуулах ёслол онлайнаар явагдсан. Шагналтнуудад 10 их наяд зимбабве доллар гардуулна.

2020 оны Шнобелийн шагналтнууд

Сэтгэл судлал

Эрдэмтэн Миранда Жакомин, Николас Рул нар хүртсэн. Тэд хүн өөртөө хэр хайртайг хөмсөгний хэмжээгээр нь тодорхойлох судалгаа хийсэн юм.

Энх тайван

Энэ шагналыг Энэтхэг, Пакистаны Засгийн газар авсан. Хоёр улсын дипломат албаныхан шөнө дунд нэг нэгнийхээ хаалганы хонхыг дараад онгойлгохоос нь өмнө зугтаж байсан гэж тодорхойлжээ.

Физик

Иван Максимов, Андрей Потоцкий нар чийгийн улаан хорхойны хэлбэр өндөр даралтад хэрхэн өөрчлөгддөгийг тодорхойлсон байна.

Эдийн засаг

Эрдэмтэн Кристофер Уоткинс улс орны Үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээ тус улсын иргэдийн үнсэлцэх тоотой ямар хамааралтайг судалжээ.

Шавьж судлал

Хорхой шавьж судалдаг ихэнх эрдэмтэн аалзнаас айдаг гэдгийг Ричард Веттер баталж, Шнобелийн шагнал хүртжээ.

Анагаах ухаан

Владимир Путин, Доналд Трамп, Александр Лукашенко тэргүүтэй Бразил, ОХУ, Их Британи, Энэтхэг, Мексик, Беларусь, АНУ, Турк, Туркменистан улсын Ерөнхийлөгч нар цар тахлын үед улс төрчид эмч, эрдэмтдээс илүү иргэдийн үхэл, амьдралд нөлөөлдөг гэдгийг дэлхий дахинд бодит жишээгээр харуулсан тул энэ шагналыг хүртсэн байна.

Менежмент

Хятадын хөлсний алуурчид хүртсэн. Захиалга авсан таван алуурчин захиалгаа нэг нэгэндээ дамжуулсаар эцэст нь бүгд баригдаж, хохирогч амьд үлдсэн байна.

Материал судлал

Хүний хөлдөөсөн баасаар хийсэн хутга мах зүсэж чадахгүй гэдгийг баталсан хэсэг эрдэмтэн авчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top