Доктор Л.Мөнхгэрэл: Ойн далбига мөөг нь хорт хавдар, вирүсийн эсрэг үйлчлэлтэй болохыг тогтоосон

Админ | Zindaa.mn
2020 оны 10 сарын 05

Монгол орны мөөг, түүний төрөл зүйл, химийн найрлага болон биологийн идэвхийн судалгаа, мөөгний ач тусын талаар ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн, Хүнсний химийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Л.Мөнхгэрэлтэй ярилцлаа.


-Мөөг гэж чухам юу вэ. Ургамал уу, хүнсний ногоо юу. Ер нь хэдий үеэс эхэлж судалж, хүн төрөлхтөн хүнсэндээ хэрэглэх болсон юм бэ?

-“Мөөг” гэхээр хүн бүрт танил, мэддэг зүйл сонсогдож байгаа байх. Гэхдээ энэ бол бүрэн судлагдаж дуусаагүй, хүнс ч, хоол ч болох байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм. Мөөг нь одоогоос ойролцоогоор 1 тэрбум орчим жилийн өмнө эртний архейн галавт үүсч, палеозойн галавын эхнээс органик бодис дээр сапрофит, ургамал амьтан дээр паразит хэлбэрээр тус тус амьдарч байсан болохыг судлаачид тогтоосон байдаг. 1960-аад он хүртэл дэлхийн шинжлэх ухаанд мөөгийг ургамлын аймагт хамруулж доод ургамал гэж үздэг байсан. Харин 1969 онд АНУ-ын эрдэмтэн Роберт Н.Виттакер амьд организмын ангиллын системийг судлан мөөгний хооллох хэлбэр, амьдралын хэлбэр, бүтэц бүрэлдэхүүний онцлогийг харгалзан үзэж анх удаа бие даасан аймаг гэж үзсэн. Бүх амьд организмыг зүйлийн олон янз байдлын эзлэх хувиар нь харьцуулахад мөөгний аймаг нь шавьжийн дараа ордог.

Манай Монголчууд мөөг гэхээр ургамал гэж төсөөлөөд байдаг боловч ургамал ч биш, амьтан ч биш тусдаа аймаг юм. Мөөг, ургамал хоёрын ялгааг авч үзвэл, ургамал нь фотосинтезийн урвалаар органик бодисоос органик бус бодисыг нийлэгжүүлж хооллодог байхад мөөг болон амьтан бэлэн органик бодисоор буюу гетеротроф хооллодог. Тэгэхээр мөөг нь ургамлын үлдэгдэл, амьтны сэг зэмэн дээр амьдарч бэлэн органик бодисоор хооллон амьд биед шимэгчилж амьдардаг гэсэн үг байх нь.

Шинжлэх ухааны талаас нь авч үзвэл мөөгний эсэд хлорофилл байдаггүй учраас органик бус нэгдлээс органик бодисыг нийлэгжүүлдэггүй, бодисын солилцооны дүнд мочевиныг үүсгэдэг, мөөгний эсийн хананд хитин агуулагддаг зэргээрээ амьтантай төстэй байдаг. Мөөгний үржил, хөгжил чийгтэй нөхцөлд илүү явагддагийг бид бүхэн мэднэ. Мөөгийг сүүлийн үед аж үйлдвэр, хөдөө аж ахуйн хаягдал түүхий эд дээр тарьж ургуулж байгаа бөгөөд энэ нь харьцангуй бага талбайгаас жилийн турш өндөр ургац авах боломжтой экологийн цэвэр бүтээгдэхүүн болж байна.

-Манай орны мөөг судлал аль түвшинд явагдаж байна?

-Монгол орны дээд мөөгний зүйлийн бүрдлийн судалгааг 1980-аад оноос эхлүүлсэн.  Академич Д.Бадгаа, академич Д.Рэгдэл, доктор Г.Уранчимэг, доктор Х.Алтанцэцэг нарыг мөөг судлалын анхдагчид гэж хэлж болох юм. Одоогоор дээрх эрдэмтдийн хамтран зүтгэгчид, шавь нар нь уг судалгааны ажлыг үргэлжлүүлэн манай хүрээлэнгээс гадна, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, МУИС болон ХААҮИС-д мөөг судлалын хэд хэдэн судалгааны баг ажиллаж байна. Манай хүрээлэнгийн судлаачдын хувьд Монгол оронд ургадаг малгайт мөөг, модны ур мөөг болон таримал мөөгний хими, фитохими, биологийн идэвхийн харьцуулсан судалгааг хийж тодорхой үр дүнд хүрээд байна. Мөөгөнд микроэлэементүүд их хуримтлагддаг бөгөөд тухайлбал хүний биед зайлшгүй чухал шаардлагатай даралт бууруулах, цус харвалтаас сэргийлэх үйлдэлтэй зүрхний булчингийн хэвийн ажиллагаанд шаардагддаг, мөн эд эсийн дотор усны балансыг тэнцвэржүүлэх болон тархийг хүчилтөрөгчөөр хангахад оролцдог кали, мэдрэлийн болон тархины эд, булчин, элэг, бөөрний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж яс, фермент, даавар үүсэхэд оролцдог биологийн чухал үүрэг бүхий  элементүүд зонхилон агуулагддагийг бид судалгаагаар тогтоосон. Манай орны хувьд мөөг судлалын салбар бусад салбарын судалгааны хөгжилтэй харьцуулахад харьцангуй хоцрогдмол байгаа гэж би хэлнэ. Өнөөдрийн байдлаар ШУА-ийн хүрээлэнгүүд, мэргэжлийн их дээд сургуульд мөөгийг дангаар нь судалдаг биеэ даасан лаборатори, нэгж байдаггүй хавсарга судалгаа маягаар л ажиллаж байна. Хэрвээ манай мөөг судлаачид мөөгний хими, фитохими, биологийн идэвхийн судалгааг хийхээс гадна мөөгний гаралтай эмчилгээ-сувиллын бэлдмэл гарган авах, биологийн өндөр ач холбогдол бүхий мөөгийг нутагшуулан тарималжуулах зэрэг ажлуудыг бусад салбарын судлаачид болон хувийн аж ахуйн нэгжүүдтэй хамтарч хийвэл мөөг судлал манай оронд илүү хурдан хөгжих боломжтой. Энэ чиглэлийн ажил эхлэл шатандаа явагдаж байгаа гэж болно. Жишээлбэл, бид Монголдоо мөөг тариалалтаараа тэргүүлэгч “Мөөжиг Органик” ХХК-ний тариалж, худалдаанд нийлүүлж буй хүнсний мөөгний химийн ерөнхий найрлага, эрдэс бодис, биологийн идэвхийн судалгааг явуулж, хамтран ажиллаж эхлээд байна.

-Та бүхэн Монголд ургаж байгаа байгалийн мөөгнөөс эмчилгээ сувилгаанд хэрэглэж болох эм бэлдмэл, бодис олж илрүүлсэн үү?

-Тиймээ, одоогоор Ойн далбига болон Хээрийн далбига мөөгнөөс биологийн идэвх бүхий 50 гаруй  байгалийн нэгдлийн молекулын бүтэц байгууламжийг таньж тодорхойлоод байна. Мөн биологийн идэвх бүхий полисахаридууд, фермент, хоёрдогч метаболитууд агуулагддагийг илрүүлсэн бөгөөд эдгээр нэгдлүүд дархлалын системийг өвөрмөц бус байдлаар өдөөдөг. Мөөгөнд агуулагддаг β-глюкан полисахарид нь глюкозын шимэгдэлтийг дэмжих, бага молекулт тосны хүчил үүсэхийг дэмжих, шулуун гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг ихэсгэх, цусан дахь холестеролын хэмжээг бууруулдаг. Үүнээс гадна зарим төрлийн хорт хавдартай өвчтөнүүдэд эмийн эмчилгээтэй хослуулан хэрэглэхэд дархлааны системийг сэргээж хавдрын эсийн өсөлтийг зогсоодог зэрэг эмчилгээний онцгой ач холбогдолтой. Манай хүрээлэнгийн мөөг судлалын багийнхан хэд хэдэн зүйл мөөгийг судалсны дотор тарималжуулсан Хясаан мөөгнөөс биологийн өндөр ач холбогдолтой глюкан полисахаридыг ялган авсан. Улмаар цаашид биологийн идэвхийг тогтоож хэрэглэгчдэд хүргэх ажлыг хийх төлөвлөгөөтэй байгаа.

-Мөөгний ерөнхий найрлагын талаар тодруулж асуух нь зүйтэй болов уу. Ер нь хүний эрүүл мэндэд тустай ямар бодисууд агуулагддаг бол?

-Хүний бие организмын дархлалын болон хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сэргээж бодисын солилцооны хэвийн ажиллагааг хангахад дэмжлэг болдог төрөл бүрийн биологийн идэвхт бодис, уураг, нүүрс ус, тос, эрдэс бодис, амин дэмүүд мөөгөнд агуулагддаг учраас хүмүүс мөөгийг хүнс болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэлбэрээр ихээхэн хэрэглэдэг болсон. Шинэхэн мөөгний 10 орчим хувийг хуурай бодис эзэлдэг бөгөөд нийт хуурай бодисын 1-6% тос, 5-15% нь үнс, 20-35% нь уураг, амин дэм 1-15мг-ийг, харин үлдсэн хувийг нь нүүрс ус эзэлдэг. Маханд агуулагдах уургийн хэмжээ 14-21% байдаг бол манай орны зэрлэг Далбига мөөгөнд 32%, тарималжуулсан Хясаан мөөгөнд 26%-ийн уураг тус тус агуулагдаж байгаа нь мөөгөн дэх уургийн хэмжээ махныхаас харьцангуй өндөр байгааг илтгэхийн сацуу мөөг бол байгалийн гаралтай уургийн эх үүсвэр болохыг баталж байгаа юм.

-Та  мөөгний фитохимийн болон биологийн идэвхийн судалгаагаар химийн ухааны докторын зэрэг хамгаалсан юм байна. Докторын судалгааны ажлынхаа талаар яриач?

-Би Ойн далбига (Agaricus silvaticus Schaeff) мөөгний фитохими болон биологийн идэвхийн судалгаагаар 2015 онд Химийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Ойн далбига мөөгийг монголчууд эрт дээр үеэс эхлэн уламжлалт анагаах ухаанд чихрийн шижин өвчин, могойд хатгуулах зэрэгт хэрэглэсээр ирсэн байдаг. Гэсэн хэдий ч өмнө нь энэ мөөгний шинжлэх ухааны судалгааг манай оронд хийгээгүй байсан юм. Бид 2010 оноос БНХАУ-ын Ченгдугийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтэдтэй хамтарч монгол орны 50 гаруй зүйл ургамал, мөөгний биологийн идэвхийн тандалт судалгааг хийсэн байдаг. Хамтарсан судалгааны дүнд Ойн далбига мөөг нь тэжээллэг бөгөөд холестерол болон өөх тосны хэмжээг бууруулдаг, мутаген, хавдар, вирүсийн эсрэг үйлчлэлтэй интерферон төст идэвх үзүүлдэг болохыг тогтоосон. Бүр тодруулбал, бид энэ мөөгнөөс JAK/STAT уургийн дохио дамжуулалтыг идэвхжүүлдэг интерферон төст идэвхтэй 5α,6α–эпокси-(22E,24R)-эргоста-8(14),22-диен-3β,7α-диол стеролыг ялгаж бүтэц байгууламжийг тогтоосон юм. Тэгээд судалгааны үр дүнд үндэслэн энэхүү мөөгнөөс интерфероныг орлохуйц байгалийн гаралтай эм бэлдмэл үйлдвэрлэх боломж байна гэж дүгнэсэн.

-Сонирхолтой үр дүн гаргажээ. Энэ мөөгний тархалт хэр байдаг вэ?

-Ерөнхийдөө манай оронд элбэг тархсан гэж болно. Энэ мөөг нь ойд ургадаг цагаан мөөг бөгөөд салбан нь шинэ дээрээ ягаан байснаа хөгшрөөд ирэхээр хар хүрэн болдог онцлогтой.

-Мөөгийг буруу аргаар их хэмжээтэй түүж бэлтгэснээс болж түүний нөөц ховордож байгаа талаар яригдах болсон. Тухайлбал олны мэддэг талын цагаан мөөг. Ер нь мөөгийг яаж түүж бэлтгэх талаар зөвлөгөө өгөөч?

-Монголчууд дээр үеэс хүрээний цагаан мөөг буюу талын цагаан мөөгийг л хүнсэндээ хэрэглэдэг байсан. Харин сүүлийн үед ой болон тал хээр ургадаг идэшний олон зүйл мөөгийг хүнсэндээ ихээр хэрэглэх болсон. Гэхдээ аливаа юманд анхаарал болгоомж илүүддэггүй. Хэдийгээр мөөгийг хоол хүнсэндээ өргөнөөр хэрэглэж байгаа нь сайхан зүйл ч гэлээ сайн мэдэхгүй, танихгүй мөөг хэрэглэх нь эрсдэлтэй тул мөөгний мэргэжилтэн, ангилал зүйчээр таньж тодорхойлуулан, зөв түүж бэлтгэн хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй. Мөөгийг огтолж, эсвэл мушгиж сугалж түүх гээд хэд хэдэн арга байдаг. Хүрээгээр, бөөндөө ургадаг болон салбант мөөгнүүдийг огтолж түүдэг бол бүдүүн иштэй, гуурст мөөгнүүдийг мушгиж түүдэг. Манай орны мөөг судлаачид ихэвчлэн хүнсний мөөг түүхдээ малгайнаас доош 1 см орчим хутгаар зүсэж аваад, үлдсэн хэсгийг шороогоор хөнгөн дарж үлдээхийг зөвлөдөг.  Үүнээс харахад мөөгийг түүх арга тухайн мөөгний үржил, шинж чанараас бас хамаардаг байх нь л дээ.

-Мөөгийг нутагшуулан тарималжуулдаг аж ахуйн нэгжүүд байдаг гэлээ.  Таримал мөөгний хангалт ер нь хэр байдаг вэ?

-Хэдийгээр бид зундаа идэх мөөгөө байгалиас нөөцөлдөг ч гэлээ өнөө үед мөөг тариалдаг хувь хүмүүс, аж ахуйн нэгжийн шинэхэн мөөгийг жилийн дөрвөн улиралд ч хүнсэндээ хэрэглэх боломж гарч байгаа нь сайшаалтай. Энэ нь эргээд байгалийн мөөгний нөөц хамгаалалтанд эерэг нөлөө үзүүлнэ. Манай орны хувьд хэрэглээнийхээ мөөгний 70 гаруй хувийг БНХАУ, БНСУ-аас оруулж ирдэг. Хэрвээ мөөг тариалагч дотоодын жижиг аж ахуйн нэгж, байгууллагууд олширч үйл ажиллагаа нь өргөжвөл импортын хүнсний мөөгний хангалтын хэмжээ тодорхой хувиар буурч, бид ч гэсэн дотоодын органик мөөгөө хүнсэндээ хэрэглэх нь боломж нэмэгдэнэ.

Эх сурвалж: Монгол Улсын Шинжлэх ухааны академи

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Микробиологич(103.229.123.19) 2020 оны 10 сарын 05

Битгий өөрийнхөө юу ч мэддэггүйгээ албан ёсоор батлаад байгаач ээ чааваас даа химийн хүрээлэнгийнхэн

0  |  0
Top