Бразил улсад хоногт 30 мянга гаруй хүн коронавирусний халдвараар өвчилсөн нь батлагдаж, нийт халдварын тоо таван сая давжээ. Нас баралт 147 мянга даваад байна.
Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр эдгэрсэн хүмүүсийн тоо 4.3 сая болжээ.
Бразилын Засгийн газар цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор гаднын улсын иргэдийг оруулахгүй байх хоригоо 30 хоног сунгасан билээ.
ДЭМБ-аас мэдээлснээр дэлхий дахинд нийт 35.6 сая хүн “COVID-19”-ийн халдвараар өвчилжээ. Нийт нас баралт нэг сая давсан юм. Одоогийн байдлаар хамгийн их халдвар бүртгэгдсэн бүс нутаг нь Америк аж.
ДЭМБ-аас хүмүүсийг коронавирусний тархалттай нөхцөлд амьдарч дадах, цар тахлын үеийн амьдралын шинэ хэв маягт суралцахыг уриалж байгаа билээ.
