Австралийн Шинжлэх ухааны үндэсний агентлагаас хийсэн судалгаагаар далайн ёроолд нийт 14 сая тонн бичил хуванцар хог хаягдал хуримтлагдсаныг тогтоожээ.
“Frontiers” сэтгүүлд мэдээлснээр, энэ нь газрын гадаргуу дээр хуримтлагдсан хуванцар хог хаягдлын хэмжээнээс 35 дахин их аж.
Тус агентлагийн судлаачид Их Австралийн булан орчим 3000 метрийн гүнээс дээж авч, судалжээ. Нийт 51 дээжийг шинжлэхэд нэг грамм тунадас тутам дунджаар 1.26 бичил хуванцар ширхэг байсан нь өмнөх судалгааны дүнгээс 25 дахин ихэсжээ.
Хуванцар хог хаягдлын талаар хийсэн судалгаанаас үзвэл, хуванцар эд зүйлсийн хэрэглээг дэлхий дахинд бууруулсан ч 2040 он гэхэд 710 сая тонн хуванцар хог хаягдал байгаль орчныг бохирдуулсаар байх гэнэ.
Дэлхийн эдийн засгийн форумын мэдээллээр, өдгөө далай тэнгист 150 сая тонн хуванцар хог хаягдал хөвж байгаа бол жил бүр энэ хэмжээ найман сая тонноор нэмэгддэг байна. Ингэхдээ ийм төрлийн хог хаягдлын ихэнх хэсэг тэнгис, далайн эрэг рүү шидэгддэг байна.
Сэтгэгдэл ( 0 )