ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2020 оны 10 сарын 20

Өнөөдөр 2020.10.20. Энэ оны 294 дэх өдөр бөгөөд он дуусахад 72 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 19 минутад мандлаа. 17 цаг 55 минутад жаргана.

Улаанбаатарт ялимгүй цастай. Өдөртөө -2 хэм, шөнөдөө -13 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн статистикийн өдөр. Чехид өнөөдөр Мод тарих өдөр бол Кенид Баатруудын, Гуатемалад Хувьсгалын, Вьетнамд Эмэгтэйчүүдийн өдөр.

Энэ өдөр Австрийн зохиолч, Нобелийн шагналт Эльфрида Елинек, Италийн дуучин Анжела Брамбати, Америкийн рэппер Snoop Dogg, Австралийн дуучин Данни Миноуг зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1945.10.20: БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураалт явагджээ. Санал хураалтад 483291 хүн хамрагдсанаас эсрэг санал гаргасан хүн нэг ч байсангүй.

1968.10.20: Монголын тамирчид анх удаа олимпоос медаль хүртэв. Мексикийн Мехико хотноо болсон зуны XIX олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд 52 кг-ын жинд барилдсан Ч.Дамдиншарав хүрэл медалийн эзэн болсон юм.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1958: Тайландад төрийн эргэлт болов.

1963: Францад газар доор цөмийн туршилт болжээ.

1965: Индонезид коммунистуудыг хоморголон баривчлав.

Өнөөдөр үс засуулвал бие эрхтний хүч сайжирна.

Энэ өдөр хулгана, луу жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Эл өдөр сан тавиулах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Харин архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх, хувцас эсгэх, зөвлөгөө хийхэд тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.

Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top