ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 26

Өнөөдөр 2020.10.26. Энэ оны 300 дахь өдөр бөгөөд он дуусахад 66 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 28 минутад мандлаа. 17 цаг 44 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө -1 хэм, шөнөдөө -12 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Бенинд Зэвсэгт хүчний өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн улс төрч, Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, Английн жүжигчин Кэри Элвес, Австралийн кантри дуучин Кит Урбан, Оросын хөл бөмбөгч Дмитрий Сычёв зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1963: Хрущёв ЗСБНХУ саран дээр анх удаагаа хүн буулгах гэж АНУ-тай өрсөлдөхгүй гэж мэдэгджээ.

1972: Хойд Вьетнам АНУ-тай байлдааны үйл ажиллагаагаа зогсоох зөвшилцөл байгуулав.

1976: Тринидад ба Тобаго бүгд найрамдах улс болжээ.

1979: Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Чон Хи алагджээ.

1991: Туркмены иргэдийн дийлэнх нь бүх нийтийн санал асуулгаар улсынхаа тусгаар тогтнолын төлөө саналаа өгөв.

1994: I Хусейн, Ицхак Рабин нар 46 жилийн дайсагналыг төгсгөсөн Израил-Иорданы энхийн гэрээг үзэглэжээ.

Өнөөдөр үс засуулвал эрч хүч ихэснэ.

Энэ өдөр морь, нохой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал жатгыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин золиг гаргах, бомбын үйлд таагүй.

Хол газар явах гэж байгаа хүмүүс хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top