БНСУ-ын “Samsung” компанийн тэргүүн Ли Кун Хи 79 насандаа таалал төгслөө гэж Ёнхап агентлаг мэдээлжээ.
Тэрээр Сөүл дэх “Samsung” эмнэлэгт өнгөрсөн ням гарагт /2020.10.25/ нас баржээ. Ли Кун Хи 1987 онд эцэг болох “Samsung” компанийг үндэслэгч Ли Бён Чхолийн оронд тус компанийн хоёр дахь тэргүүн нь болж байв. 2016 онд “Forbes” сэтгүүл түүнийг Өмнөд Солонгосын хамгийн баян эрхмээр тодруулж байжээ. 2020 оны аравдугаар сарын байдлаар түүний хөрөнгө 20.9 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байв.
2014 онд Ли Кун Хи зүрхний шигдээс туссанаас хойш корпорацын эрх мэдэл түүний залгамжлагч гэгдэж буй хүү, “Samsung Electronics” охин компанийн дэд ерөнхийлөгч Ли Жэ Ёнг шилжсэн байна. БНСУ-ын прокурорын газар түүнийг “Samsung Group”-т эрх мэдэл авахыг тулд тус корпораци дахь компаниудыг нэгтгэх хуйвалдаанд оролцсон гэж сэжиглэдэг.
Ли Жэ Ёноос гадна Ли Кун Хи Ли Бу Жин, Ли Со Хён хоёр охинтой. Түүний гурав дахь охин Ли Юн Хён 2005 онд амиа егүүтгэсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )