ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 27

Өнөөдөр 2020.10.27. Энэ оны 301 дэх өдөр бөгөөд он дуусахад 65 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 30 минутад мандлаа. 17 цаг 42 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 3 хэм, шөнөдөө -10 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Грект Төрийн далбааны өдөр бол АНУ-д Тэнгисийн цэргийн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Английн жүжигчин, Эммигийн шагналт Жон Клиз, Канадын кино найруулагч Айван Райтман, Италийн жүжигчин, Оскарын шагналт Роберто Бениньи, Их Британийн хийлч, хөгжмийн зохиолч Ванесса Мэй зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1959.10.27: БНМАУ-ын СнЗ-ийн орлогч дарга С.Лувсан АИХ-ын Тэргүүлэгчид ба Засгийн газрыг төлөөлөн Хятадын гүүр барилгын хэсэг ажилчдад одон медаль, жуух бичиг зэрэг шагнал гардуулсан байна. 1958 онд БНХАУ-аас БНМАУ-д эдийн засаг, техникийн тусламж үзүүлэх гэрээний дагуу хятад ажилчид Монгол Улсад гурван гүүр барьжээ.

1961.10.27: БНМАУ Нэгдсэн үндэстний байгууллагын гишүүн болов. БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэх тухай Аюулгүйн Зөвлөлийн санамжийг Ерөнхий Ассамблейн 16 дугаар чуулганаар энэ өдөр хэлэлцжээ. Ёслолын хэлтсийн дарга чуулганы танхимд “МОНГОЛ” гэсэн хаяг тавьсан суудалд манай төлөөлөгчдийг урин суулгаснаар БНМАУ НҮБ-ын 101 дэх гишүүн болсон юм.

1981.10.27: БНМАУ-ын ус цаг уурын албаны ерөнхий газар болон БНХАУ-ын цаг уурын газрын төв хороо хамтран “Улаанбаатар-Бээжингийн цаг уурын мэдээ солилцох болон цаг уурын мэдээний сувгийн тухай протокол”-д гарын үсэг зурав.

1996.10.27: Мэгжид Жанрайсиг бурхныг шүншиглэж, аравнайлав. Их шүтээнийг анх 1913 онд бүтээсэн төрх, хэмжээгээр нь дахин бүтээж, Гандантэгчинлэн хийдэд залсан юм.

Өнөөдөр үс засуулвал эрхтэн хурц болно.

Энэ өдөр хонь, гахай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Бич, тахиа жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Энэ өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү, сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Харин газар хагалах, ус, булгийн эх малтах, уул овоо тахихад тохиромжгүй.

Хол газар явах гэж байгаа хүмүүс урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top