КОВИД 19 | Засгийн газрууд 12 их наяд, Төв банкууд 7.5 их наяд ам.долларын арга хэмжээ авчээ

2020 оны 11 сарын 23

Коронавирусний эсрэг вакциний туршилтууд амжилттай болж байгаа тухай мэдээллүүд гарч, ирэх оны эдийн засгийн төлөвийн төсөөллийг сайжруулахад нөлөөлж буй  ч улс орнуудын бодит эдийн засагт, нөхцөл байдалд нөлөөллөө үзүүлж, эерэг үр дүн авчрах хүртэл багагүй хугацаа шаардлагатай гэж ОУВС-гийн тэргүүн Кристалина Георгиева мэдэгдлээ. Улс орнууд хүнд, хэцүү, хугацаа шаардсан сорилт бүхий нөхцөл байдалд байна гэж тэрбээр тодотголоо.

Улс орнуудын Засгийн газрууд цар тахлыг даван туулахын тулд 2020 оны есдүгээр сарын байдлаар тооцож үзэхэд 12 их наяд ам.долларын арга хэмжээ авсан бол Төв банкууд цар тахлын эдийн засаг дахь нөлөөг зөөлрүүлэх чиглэлд 7.5 их наяд ам.долларын нийлүүлэлт хийснийг ОУВС тайландаа дурджээ.

Засгийн газрууд, Төв банкуудын дэмжлэгийн хэлбэрүүд нь татвар бууруулах, цалин хөлсний зардлыг тодорхой хугацаанд олгох, жижиг, дунд бизнес эрхлэгчдэдээ зээл олгох, хүүг түүхэн доод түвшинд хүргэх гэхчлэн өмнө нь авагдаж байгаагүй арга хэмжээнүүдийг өргөн цар хүрээтэй хэрэгжүүлж буй юм. Хэдий тийм ч дэлхийн улс орнуудын эдийн засаг Их хямралаас хойших хамгийн хүнд уналттай нүүр тулаад байгаа юм.

 Дэлхийн ихэнх бүс нутгуудад тэрдундаа АНУ, Европт эдийн засгийн идэвхжил уналттай хэвээрээ, ажил эрхлэлтийн түвшин коронавирусний тархалтаас өмнөх үеэс доогуур хэвээрээ байгааг тайланд дурджээ.

 

Top