Владимир Путин ВАКЦИН ХИЙЛГЭЭГҮЙ шалтгаанаа тайлбарлав

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 18

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жил бүр оны сүүлээр хийдэг томоохон хэвлэлийн хурлаа хийлээ.

Тэрбээр 4 цаг 29 минутын турш сэтгүүлчдийн асуултад хариулж, улс орныхоо дотоодын нөхцөл байдал, Алексей Навальныйг хордуулсан хэрэг, Баруунтай харилцах харилцаа, ялангуяа АНУ, Оросын хоорондын харилцаа, коронавирусний эсрэг вакцинжуулалт гээд олон сэдвээр ярив. Оросын Төрийн тэргүүн түүнчлэн 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэх талаараа ам нээлээ. Путин сэтгүүлчдийн 70 асуултад хариулжээ.

Тэрбээр “СOVID-19-ийн эсрэг ОХУ-ын гаргаж авсан вакцины талаар “Манай вакцин бол сайн вакцин. Аюулгүй, үр дүнтэй, 95 хувиас дээш, 96-97 хувь хамгаална гэж мэргэжилтнүүд ярьж байгаа” гэв. 

Путин мөн “Дэлхийн нэг ч улс ийм цар тахалд бэлэн биш байсан. Гэхдээ ОХУ бусад улсаас илүү бэлэн байсан” гэв. ОХУ цаг хожиж, эрүүл мэндийн тогтолцоо гээд цар тахалтай тэмцэхтэй холбоотой бүхнийг маш хурдан өргөжүүлж эхэлсэн гэж Владимир Путин үзэж байна.

Харин түүнийг өөрөө вакцин хийлгэсэн эсэх тухай асуултад тэр “Цар тахлыг ялан дийлэхийн тулд бүх нийтийг вакцинжуулах шаардлагатай. Хэрэглээнд нэвтрүүлж байгаа вакцинууд тодорхой насны иргэдэд зориулагдсан гэж мэргэжилтнүүд бидэнд хэлж байгаа. Вакциныг настай хүмүүст хараахан хийгээгүй байгаа. Миний насныханд гэсэн үг. Дахин давтан хэлье, би энэ тал дээр хууль дүрмээ сахидаг хүн. Боломж гарангуут заавал вакцин хийлгэнэ" гэж хариуллаа.

Оросын “Спутник V” вакцины судалгаанд 60-аас доош насны 76 хүн л оролцсон. Одоогоор 60-аас дээш насны хүмүүст хийгээгүй байгаа юм.
 

 

Top