Сүн улсын Хүйтэн уулын бичиг | 46 дугаар бүлэг

Админ | Zindaa.mn
2021 оны 02 сарын 15

Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.

Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.

Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
 

  • Зохиогч: Ши Най Ань
  • Хөрвүүлэгч: Д.Уртнаст
  • Редактор: В.Уянга, Сьү-Шаа

ПҮ ТЯНЬПЭН ХОЁР УДАА АМЬДРАХ БА ҮХЭХ ЗАХИА ИЛГЭЭВ

СҮН ГУНМИН ХЭМЭЭХ СҮН ЖЯН АНХ УДАА ЖҮ ЗЯЖУАН ХЭМЭЭХ ХОТОД БАЙЛДАВ

Өгүүлэх нь: Ян Сюн тэр хүнийг дээш босгож ийн өгүүлрүүн: - Мэргэн дүү энд эдүгээ ямар газар, хэнийд яахин сууж амь зууж баймуй? хэмээх завсар Ши Сю гарч ирээд Ян Сюнд өгүүлрүүн: - Эрхэм ах энэ хүмүүн нь хаа нутагтай хүмүүн. Ах та лугаа танил уу? хэмээсэнд Ян Сюн өгүүлрүүн: - Энэ нь Жуншань Фүгийн захиргааны хүн. Овог Дү, нэр Син, Дүсин хэмээмүй. Уг нутгаас худалдаа хийхээр Зи Жоуд ирж, уур нь ихийн харгаагаар хүн алаад ял олж, түүнээс бас хоршоолон ирсэн нөхрөө алсан учирт оргон гарч явсан нь эдүгээ он удаан олсонгүй хэмээн хэлсэнд Ши Сю өгүүлрүүн: - Үүний байдлыг үзвээс догшин жигтэй чөтгөр мэт байнам хэмээсэнд Дүсин өгүүлрүүн: -Эрхэм ах чи эдүгээ ямар учир яахин энд ирэв? хэмээсэнд Ян Сюн түүний чихэнд сэмээр өгүүлрүүн: - Мунхаг ах нь мөн нутагтаа хүн алаад, энэ Ши Сю дүү лугаа хамт оргон гарав.

Замд Жү Зяжуан хэмээх хотод дайрч, нэгэн дяньд буугаад шөнө хонох хэмээн архи будаа идэж байтал манай дагаж гарсан Ши Чянь, нэг мунхаг хүн тэр дяний тахиаг хулгаж идсэн учирт түүнээс үүсч хэрүүл болоод, тэр учирт дяниас оргон гарч Лян Шаньд очих хэмээн явтал, энэ дяньд бууж баахан архи ууя хэмээн санаж байтал, мэргэн дүү гэнэт ирж. Үүнд бид хоёр Шицянийг тэр Жү Зяжуанд булаагдаад, бид хоёр арайхийн амь зугтан гарч ирэв. Эдүгээ энд ирж мэргэн дүүдээ учирсан нь маш сайн хэмээхэд Дүсин өгүүлрүүн: - Өчүүхэн дүү нь энэ хотод ирээд, нэгэн их ноён лугаа танилцаж, түүний гэрийн дарга болов. Тэдний гэрийн хэргийг цөм өчүүхэн хүн би гагцаар дааж баймуй. Үүнд манай ноён нь энэ өмнөх Дү Лунган хэмээх уулын урд этгээд Дү Луншань хэмээх гурван уул буй. Тэр ууланд нутагтай хүн. Тэр гурван ууланд, дунд уул нь Жу Зяжуан, зүүн нь Ли Зяжуан, баруун нь Ху Зяжуан хэмээмүй. Ийм гурваас нэг хот буй. Үүний дунд тэргүүлэгч Жу Чаофөн хэмээх нэгэн сайн эр буй. Түүний төрсөн гурван сайн эр хөвгүүн буй. Нэгдүгээр Жулун, хоёрдугаар нь Жуху, гуравдугаар нь Жубяо. Ийм гурван баатар хөвгүүдтэй. Басхүү түүний гар доор бүгд бодвоос хоёр түм гаруй цэрэг буй. Нэгэн сургууль багш буй. Түүний нэр нь Луань Тинюй хэмээмүй. Төмөр шийдэм барих чадал шид нь тодорсон хүн.

Энэ хүний түмэн баатар ч дийлэх бэрх. Баруун хот Ху Зяжуан хэмээх хотод Ху Тайгүн нэгэн сайн эр хөвгүүн буй. Цол нэр нь “Фэйтянь ху” хэмээх Ху Цэнь нэртэй. Цолыг тайлбаас “Тэнгэрийн дээр нисэх барс” хэмээмүй. Мөн ч их чадалтай. Түүний бас нэг төрсөн охин бий. Нэр нь Ху Саньнян хэмээмүй. Үүний эдэлсэн багаж нь наран саран лугаа адилтгаж үйлдсэн. Сэлэм, рид хувилгаан нь маш хэцүү. Морин дээр гарваас луу унасан мэт. Бас зүүн хотод Ли Ин хэмээх нэгэн тэргүүлэгч нь маш хэцүү. Төмөр шийдэм барих нь тэнгэрийн цахилгаан адил хэмээсэнд Ян Сюн өгүүлрүүн: - Тийм бөгөөс мэргэн дүү чи биднийг удирдаж тэр хүмүүн лугаа хамтруулан учруулж, хүж барилдуулан ах дүү болговоос болох буюу? хэмээсэнд Дү овогт хариу ёсолж “болмуй хэмээсэнд Ши Сю өгүүлрүүн: - Ах энэ хүн чухам ямар хүнийг та мэдэх буюу? хэмээсэнд Ян Сюн өгүүлрүүн: - Би мэдэх гагцхүү үүнийг ятгах. Тэр хэдэн хүнтэй нөхөрлөж Ши Чянь дүүгээ булаан авч Лян Шаньд аваачваас нэн сайнаас гадна бас бид хоёрт хань болох юуны магад хэмээсэнд Ши Сю маш баярлан гурвуул архины пүүснээс гарч Ли Зяжуан хотод ирэв. Тэндээс Ян Сюн энэ хотыг үзвээс үнэхээр сайны дээр гадуур байгуулсан хэрэм нь цагаан шохойгоор будажухуй.Бас өнгө бүрийн зураг зуржухуй. Их халуунд өмнө нь зүйл бүрийн мод тарьжухуй. Үүнд Ян Сюн, Ши Сю хоёр маш гайхан дотогш орж үзвээс, их танхимын өмнө нь цэргийн зэвсэг жагсаал байгуулжухуй. Үнэхээр тэнгэрийн цэрэг цуглах газар мөн хэмээн санаж, Дүсинг дагаж их танхимын өмнө ирээд Дүсин өгүүлрүүн: - Эрхэм хоёр ах энд баахан хүлээж байгтун.Би дотор орж Ли Ин лугаа учирч, та хоёртой учруулъя хэмээгээд дотор орж Ли Инд Ян Сюн, Ши Сю хэмээх хоёр сайн эрийн учрыг нарийнаа хэлсэнд, Ли Ин даруй гарч тэр хоёрыг үзвээс үнэхээр баатар сайн эр бололтой учирт, Ян Сюнийг дотоод гэрт оруулж цай барьсан хойно басхүү архи барьж ёслов. Үүнд Ян Сюн өгүүлрүүн: - Мэргэн дүү лугаа нэгэнт танилцаж учрав.

Гуйх нь, өчүүхэн мунхаг ах нартаа нэгэн захиа бичиг хийж Ду Зяжуан хотноо илгээж Шицяний амийг тусалж даруй гаргах болов уу? Эдүгээ тэр үхсэн амьд хоёрыг мэдэхгүй хэмээсэнд Ли Ин яаран нэгэн захиа бичүүлж, цэргийн ардад тушаан өгч Ду Зяжуан хортын Жүфүд Шицянийг тавьж илгээх болов уу? хэмээх зэрэг бичиг явуулсанд Жүфү тэр захиаг үзээд, Шицянийг тавьж явуулах хэмээсэнд, түүний гурван хөвгүүн хүлээхгүй тул аргагүй тэр цэргийн хүн хойш ирж, Ли Ин, Ян Сюн, Ши Сю лугаа учирч энэ үгийг хэлсэнд, Ли Ин Ян Сюнд өгүүлрүүн: - Эдүгээ бид гурван хотын тэргүүлэгч нэгэнтээ санаа салахгүй нэг хамт үхэх амьдрах боловч бие биеэ туслах хэмээсэн бөлгөө. Эдүгээ миний гуйсан нэг хэргийг тусалж үл хэрэгссэн нь одоо бас санаа салав. Юу ч болов би биеэр очиж учирваас нарийн хэрэг тодорхой мэдэгдмүй. Эрхэм хоёр дүү аажмаар архи ууж, санаагаа агуу тавьж байгтун хэмээн бас нэг ёс ёслох захиа бичиж, өөрийн нэр овог зэргийг гарын тэмдэг дарж Дүсинг урьд илгээж, түүний хойно өөрөө сүйхэнд сууж Ду Зяжуан хотын зүг ирэв.Тэндээс Ли Ин даруй зам явж байтал Дүсин тохиолдож ийн өгүүлрүүн: - Ноён та бүү очигтун.

Өчүүхэн хүн очиж, таны захиаг барьж, Шицянийг гаргаж тавин илгээх зэрэг учрыг хэлсэнд тэдний гурван Жу овгийн хөвгүүд маш хилэгнэн уурсаж, таны захиаг урж галд түлээд, харин өчүүхэн хүнийг мал адгуус хэмээх зэрэг харааж их сүр үзүүлсэнд, өчүүхэн хүн хариу өгүүлье гэтэл ер үг сонссонгүй, харин Шицянийг Жугийн яамнаа хүргэмүй. Түүний гадна Лян Шань ууланд урвасан хулгай нар лугаа хуйвалдан худал үг зохиож, Шицянийг шударга эр, миний зүг танилцсан журамтай эр гэх зэрэг бичиж илгээсэн нь мөн ч таны тэр зальхай Ли Инг барьж хамтаар Жугийн яамнаа илгээвээс зохимуй хэмээн маш дүрэм гаргаж, өчүүхэн хүнийг арай амь сугалж гаргав хэмээсэнд ноён дотроо сэтгэрүүн: - Эдгээр журамгүй Жу овгийн малнууд яахин ийм ёс үл мэдмүй. Эдүгээ би бас нэгэн санаа гаргах хэмээн даруй Дүсин лугаа хамт гэрт буцаж ирээд, Ян Сюнд энэ учрыг хэлэв. Үүнд Ли Ин маш уурсаж, ийн өгүүлрүүн: - Өчүүхэн мунхаг мал Жү Фү харин эртний тогтоосон журмаа эвдэж, миний гуйсан хэргийг үл бүтээхийг үзвээс эдүгээ харин бүрмөсөн түүн лугаа үзэлцэх хэмээн даруй цэрэг бэлтгэж Дүсинг дарга жанжин болгож, Жубяогийн хотод ирэх хэмээсэнд Ян Сюн өгүүлрүүн: - Эрхэм мэргэн дүү бүү түүн лүгээ сэтгэл эвдэрч журмыг таслагтун. Бидний энэ өчүүхэн хэрэгт ийм хэтэрхий хэрэг үүсгэж болмуй? хэмээн хориглосонд Ли Ин ер үг дагасангүй даруй цэргээ жагсааж, хотоос гарав. Үүнд Ян Сюн, Ши Сю хоёр аргагүй бага сэлмээ барьж хойноос явганаар дагаж хамт ирж.

Тэндээс удалгүй Ду Зяжуан хотод ирж үзвээс, энэ хотыг байгуулсан нь маш бэх бат мэт. Цөм чулуу хадаар байгуулсан хэрэм. Хэрхэвч хүн орох аргагүй бөгөөд басхүү дөрвөн этгээд нь харуул байгуулж, өвсөн гэр майхан барьж, цэрэг тавьжухуй. Үүнд Ли Ин их хаалганы гадна хүрч ирээд, дээрээс Жубяог хараан өгүүлрүүн: - Өчүүхэн мал адгуус чи эртний тогтсон гэрээ бичиг журмыг эвдэж, миний гуйсан хэргийг үл бүтээх нь ямар учир? хэмээн элдвээр хараасанд Жубяогийн гурван сайн эр хөвгүүд сонсоод яахин Ли Инг хүлээмүй.Бүгдээр хуяг дуулгаа өмсөж, эцэг хөвгүүн дөрвүүл дөчин хэдэн цэрэг авч хотын дотроос угтан гарч Ли Инд Жубяо өгүүлрүүн: - Өчүүхэн тэнэг нохойн зулзага, эхээс төрөөд үс нь ургаж гүйцээгүй атал чи харин өвөг эцэгтээ ирж хүнд үг өгүүлэх буюу. Би урьд чиний юу гуйсан бүгдийг тусалж байсан. Энэ зальхай урвасан хулгай Шицянийг тавиулах хэмээсэн нь, чи Лян Шань уулын дээрэмчин нар лугаа нам нийлж урвасан нь тодорхой. Харин чамайг зүй нь даруй барьж дээд яаманд хүргэвээс зохих билээ. Чи энэ ачийг бас мэдэхгүй харин над лугаа байлдахаар цэрэглэж ирсэн нь амиа хүргэн иржүхүй хэмээсэнд Ли Ин маш уурсаж мориноос бууж, Жүфү хэмээх Жубяо лугаа ноцолдов. Тэндээс Жубяо яахин Ли Инг дийлмүй. Иймийн тул Жубяо морио унаж, барьсан сэлмээ эмээлийн дээр авч буруулан явав. Түүний хойноос Ли Ин хөөж барих хэмээтэл Жубяо даруй нум сум барьж, Ли Инг нэг удаа харвасанд, Ли Ингийн дал мөрөнд оногдож даруй мориноос унав. Үүнд Жубяо Ли Инг барьж авах хэмээн ирсэнд Ян Сюн, Ши Сю хоёр их дуунаар Жубяог угтан барилдая хэмээн ирсэнд, Жубяо тэр хоёрыг үзвээс үнэхээр баатар эрс тул яахин тэр хоёрыг дийлмүй. Тиймийн тул Ли Инг Дүсин морь унуулж хотоос гарч Жу Зяжуан хотдоо буцав. Тэндээс цөм гэртээ харьж ирээд Ли Ингийн биений сумыг сугалан авч, эм хийж шархны амыг бүтээв. Тэндээс Ян Сюн өгүүлрүүн: - Ах чи эдүгээ энэ Жубяо лугаа бүү байлдагтун. Бид Лян Шань ууланд очиж Чао, Сүн хоёр овгийн хүн лугаа учирч ах дүү болсны хойно, энэ зальхай Жубяогаас өсөөн авахаас гадна Ши Чянь дүүг бас авч чадмуй хэмээсэнд Ли Ин: - Эрхэм хоёр ахын төлөөнөө Шицянийг авч тусалъя хэмээн маш их зүтгэв. Гагцхүү зальхай Жубяо ер үл өгөхүйд аргагүй байлдав. Үүнд хоёр ах бүү юм санаж гомдогтун хэмээсэнд Ян Сюн хариу өгүүлрүүн: - Мэргэн дүүгийн санаа тавьж ачлах хэмээснийг яахин мартаж, юм санамуй. Гагцхүү Лян Шаньд очиж хоршсоны хойно ирж ач хариулъя хэмээгээд явах гэтэл, Ли Ин баахан алт мөнгө гаргаж тэр хоёрт өгсөнд Ян Сюн хүлээн авахгүй хэмээсэнд, Дүсин: - Эрхэм хоёр ах яахин үл хүлээн авмуй. Замд юу хэрэглэж явна? Эрхгүй хүлээн ававаас барав хэмээсэнд Ян Сюн, Ши Сю хоёр даруй хүлээн авч, Ли Инд ёс ёслоод явав. Тэндээс Дүсин хэрмийн гадна үдэж, их зам зааж өгөөд хотдоо харьж ирэв. Үүнийг үл өгүүлмүй.

Өгүүлэх нь, Ян Сюн Ши Сю хоёр их зам хөөн явж хэдэн өдөр болсонд нэгэн их шинэ байгуулсан архины дянь. Энэ пүүс болбоос Лян Шань уулаас нээсэн архины дянь. Тэргүүлэгч нь Ши Юн дааж баймуй. Тэндээс энэ Ян Сюн Ши Сю хоёр орж архины зардсыг дуудаж архи авчруулан ууж, тэр зардасаас ийн асууруун: - Энэ Лян Шань хэмээх уул эдүгээ хол ойр нь хичнээн газар? хэмээх зэрэг асууж байхыг Ши Юн сонсоод, тэр хоёрын дэргэд ирж үзвээс мөн чадалтай сайн эр мэт тул, Ши Юн өгүүлрүүн: - Эрхэн хоёр нөхрийн нутаг хаана, ямар хэргээр энд ирэв, өндөр овог нэр хэн? хэмээсэнд Ян Сюн өгүүлрүүн: - Өчүүхэн бидний нутаг Зи Жоуд билээ. Нэр Сю хэмээмүй. Энэ багын овог Ши хэмээсэнд Ши Юн энэ үгийг сонсоод: - Зи Жоуд нэг сайн Ши Сю буй хэмээн сонсов. Тэр Ши Сю мөн буюу? хэмээсэнд Ян Сюн өгүүлрүүн: -Мэргэн нөхөр яахин энэ Ши Сюг мэдэв? хэмээсэнд Ши Юн өгүүлрүүн: - Би урьд Зижоу хотод Гүн Сүньшэнг тагнуулруун очсон Дай Зүн хэмээх Лян Шань уулын дарга. Тэр над хэлсэн: - Ши Сю хэмээх нэртэй хүн ирвээс даруй Лян Шань ууланд онгоцоор хүргэгтүн.” хэмээсэн тул эдүгээ харин зол тохиолдож морилон ирэв хэмээгээд дахин шинэ сайн ширээ ногоо бэлтгэж, нэгэн шөнө гурвуул урьд явсан ба эдүгээ уг нутгаас яахин хэрэг гэтэлж оргон гарч Лян Шаньд ирсэн учраа тус тус хэлэлцэж хоноод маргааш нь Ши Юн нэгэн тэмдэгт сум харваж, зэгсний дотроос даруй онгоц дуудан авчирч, Янсюн Ши Сю хоёрыг суулгаж Лян Шань уулын дунд усыг гэтэлж хүргэв. Тэндээс Ши Юн урьд очиж Дай Зүн, Ян Линь хоёрт: - Ши Сю, Ян Сюн нар ирэв хэмээсэнд Дай Зүн Ян Линь хоёр яаран гарч “Яа Зүй Тин” хэмээх хэрмийн гадна угтаж, “Жү И Тан” хэмээх их танхимын өмнө аваачиж Чаогай, Сүн Жян хоёрт ёслуулан, басхүү олон бага жанжин нарт тус тус ёслуулж нэг ширээ тавьж суулгасан хойно Дай Зүн өгүүлрүүн: - Сүн Жян нар та бүхэн сонс. Энэ хоёр нь цэргийн эрдэм сурсан нь маш хурц тодорхой. Үнэхээр сэлэм жад эргүүлэн наадах нь мянган хүн ч эсэргүүцэн чадахгүй. Би урьд Гүн Сүньшэнг Зи Жоуд тагнахаар очих цагт над лугаа нөхөрлөн басхүү над их тус хийж байсан тул би манай ууланд очиж бүгдээр хоршиё хэмээх захисанд, энэ хоёр ирэв хэмээсэнд Чаогай, Сүн Жян нар маш баярлан ийн өгүүлрүүн: - Ян Сюн чи урьд ямар ажил хийж, яахин амь зугтаж явсан? хэмээн асуусанд Ян Сюн цэргийн сургууль сурч явсны дээр цэргийн дарга байж, нэгэн зальхай эм авч тэр эм журамгүй хэрэг хийж, хуушаантай санаа нэгдэж сэтгэл урвасан учирт, түүний биеийг барьж хоёр хуушаан ба охины хамт Цүй Пиншань ууланд аваачиж алаад оргон гарч, Лян Шань ууланд та бүхэн лугаа хоршихоор ирэв. Эдүгээ ирэх зам Жу Зяжуан хэмээх хотод бид хоёрыг дагасан Ши Чянь нэгэн дяний пүүсний тахиаг хулгаж идсэн учирт түүнийг барих хэмээн хэдэн хүн ирсэнд тэднийг занчиж гаргаад, гэрт нь гал тавьж зугтан явтал харин өчнөөн хүн цэргэлж ирсэнд бид хоёр нэлээд хариуцан хэд хэдэн хүнийг алав. Гагцхүү дүү Ши Чянь булаагдав. Тиймийн тул Ду Зяжуан хэмээх хотод урьд таних Дүсин хэмээх нэгэн сайн эр лугаа тохиолдож, тэр хотын ноён Ли Ин хэмээх шударга хүмүүн лугаа тэр Шицянийг авах хэмээн Жу Зяжуан хотын Жубяо лугаа байлдав. Үүнд түүний гурван хөвгүүн маш их баатар тул дийлсэнгүй. Харин Лян Шаньд урвасан хулгай нарыг үндэсгүй болгох гэнэм хэмээсэнд Чаогай маш уурлан: - Энэ хоёр зальхай хулгайг барьж толгойг авагтун. Харин хүний тахиа нугас хулгаж идэх ийм журамгүй хүмүүс манай ууланд хэрхэвч багтахгүй хэмээсэнд Сүн Жян хориглон өгүүлрүүн: - Эрхэм дүү бүү хилэгнэгтүн. Энэ хоёрын уул давж ус гаталж ирсэн урмыг хугалж үл болмуй хэмээсэнд Чаогай ер хүлээхгүй, “Манай ууланд журам дагаж баатар эрсээс суухаас бус ийм зальхай хулгай нарыг агуулж болохгүй. Даруй алаад толгойг өлгөж, олонд үзүүлж цээрлэл болгоод, хожим би биеэр цэрэг авч тэр тэр зальхай Жубяог гурван хөвгүүний хамт алж, хураасан өсөөн авмуй хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Мэргэн дүү бүү их хилэгнэгтүн. Гагцхүү миний нэг хэдэн үгийг сонсогтун. Тэр Ши Чянь хүний тахиа хулгаж идсэний харгаагаар энэ хоёрт халдаж. Түүний гадна Шицянийг булаан авах хэмээн цэрэг хөдөлгөж Жу Зяжуанд үймсэн Ли Ин үнэхээр шударга эр. Эдүгээ би хүнээс сонсвол Жу Зяжуаны тэргүүлэгч Жубяо хэмээх хүн гурван баатар хөвгүүнтэй гэнэм. Бас цэрэг жагсааж, сургууль хийж, манай Лян Шань ууланд халдахаар ирэхээр байдаг хэмээн хэдэн удаа сонсов. Мэргэн дүү энэ хоёрыг тийнхүү мугуйдаар хилс ял унагаж болохгүй. Миний үгийг дагаваас хэдэн зуун цэрэг жанжин авч, уулнаас бууж тэр Жу Зяжуанд очиж хүй тэмтрэн алаад, баахан алт мөнгө эдлэлийг дээрэмдэн авч, олон цэрэг ба доордсыг хэдэн жил элбэг дэлбэгээр эдлүүлбээс бидэнд маш сайн буй за. Үүнд мэргэн дүүгийн бие хөдлөх юу. Би гагцаар хэдэн жанжин, цэрэг авч нэгд, уулын хийморь нэрийг алдаршуулж, хоёрт, цэргийн хөлийг сунгаж, гуравт, өс авч олз олоод ирвээс маш сайн хэмээсэнд Ү Шюэжү хоорондоос маш баярлан өгүүлрүүн: - Сүн Гунмин ахын хэлэх маш зөв. Гагцхүү манай ууланд ирэх нь цөм Чао, Сүн Гүнмин хоёрын алдар.Басхүү ирсэн сайн эрсийг журмаар авах хэмээн дэлхий дахинд алдаршсан тул, эдүгээ олон жанжин цэрэгтэй болов. Хэрвээ энэ хоёрыг алах болбоос хойд өдөр журам таслах нь тэр бөлгөө хэмээсэнд Дай Зүн өгүүлрүүн: - Энэ хоёрыг алах болбоос намайг хамт албаас зохимуй хэмээсэнд олон жанжин цөм Чаогайд сөгдөн гуйсанд Чаогай арга барж, даруй Ян Сюн Ши Сю хоёрыг авч ууланд суулгав. Тэндээс тэр хоёрыг ширээ засаж, үхэр хонь алж, их хурим бэлтгэж хүндлэн ёсолж, ах дүү болжихуй. Үүнийг үл өгүүлмү.

Өгүүлэх нь: Сүн Жян нь нэг өдөр эдүгээ Жу Зяжуанд очиж Жубяог алах ба хүй тэмтрэх цэрэг мордоход бүгд цэргийн дарга тэргүүлэгч Тяньмин гүнму хэмээх Хай Сюань Зань үүний цол нь “Ширмэн нүүртэй жанжин” хэмээмүй. Үүнийг дуудаж бүгд цэргийн дансыг байцааж, мордох өдрийг сонгож цэрэг бэлтгэв. Үүнд тэр Ян Сюн, Ши Сю хоёр нэг нэг цэвэрхэн байшин засаж, хүн бүрт арван цэрэг гаргаж, гар доор зарав. Тэндээс Сүн Жян өөрийн бие бас Хуа Рүн, Мү Хүн, Ли Күй, Ян Сюн, Ши Сю, Хуан Синь Оупан, Ян Линь нар гурван зуун морьт цэрэг, гурван мянган явган цэрэг аваад, уулнаас буув. Бас нэг хэсэг нь Линь Чүн, Чинь Мин, Дай Зүн, Жанхуан, Жан Шүнь, Ма Линь, Дэн Фэй, Ван Айху, Бай Шэн нар гурван зуун морьт цэрэг, гурван мянган явган цэрэг авч мөн Жу Зяжуанд очихоор уулнаас буув. “Жинь Ша Тин”, “Яа Зүй Тин хоёрыг Жэнь Тяньшоу, Сүн Вань хоёр захирч, сайн эеэр цагдан байгтун. Ер цэргийн ардыг ийш тийш илгээж үл болмуй хэмээн Чаогай зарлиг буулгав. “Хүнс зэргийг нааш цааш хүргэж байгтун хэмээн.” Сүн Жян нарыг үдэж гаргаад ууландаа харьж ирэв. Тэндээс Сүн Жян нар даруй Жу Зяжуан хотын ойр хүрч, Ду Луншань уулын өмнө цэргийн хүрээлэн байгуулж, туг далбаа дарцагаа мандуулж бэлдэв. Үүнд Сүн Жян Хуа Рүнтай зөвлөн өгүүлрүүн: - Эдний гурван хотыг идэх нь маш хялбаргүй. Үзвээс мөн ч цэрэг олон, хэдэн түмэн цэрэгтэй хэмээн сонслоо. Эдүгээ урьд нэгэн хүн сэмхэн тагнуулж хотын дотор илгээвээс зохимуй хэмээсэнд Ли Күй өгүүлрүүн: - Үүнд хэдэн цэрэг авч очоод тэдний хэдэн ялааг алж дуусгаваас барав.Бас юунд тагнуулах хэмээмүй хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Ли Күй чи бүү дэмий донгодож байгтун. Чи нэгэн далд газар хүлээж чимээг сонс. Гагцхүү Ян Сюн, Ши Сю хоёр урьд энд байж, газар орныг мэдэх тул нэгэн ов гаргаж, хүн юу хэлэлцэхийг сонсож ирэгтүн хэмээсэнд Ян Линь нэгэн сангарсва бумба болон нэгэн дулдуй барьж ном унших хуушаан болов. Ши Сю урьд Зижоуд түлээ дамнаж худалдан байсан тул түлээ дамнаж хотод орохоор тогтов. Үүнийг Ян Линь маш баярлан, “Энэ арга үнэхээр сайн” хэмээлцэв.

Тэндээс Ши Сю маргааш өглөө эрт босоод түлээгээ дамнаж хотын зүг ирэв. Бас Ян Линь дулдуй барьж, биедээ хар малгай хувцас өмсч ирэв. Үүнд Ши Сю угаас чухам тэр хотын газрыг нарийн үл мэдэх тул чухам хаагуур яваваас болохыг мэдэхгүй гайхаж байтал хойноос нэг хүн ирэв. Энэ нь Ян Линь тул хоёул нийлж их замаар явж, удсангүй Жу Зяжуан хотод орж, хоёр тийш явав. Ши Сю түлээгээ худалдах хэмээн зээл явж үзвээс, тэр хотод нэгэн их архины пүүсний үүдэнд маш олон сэлэм жад хатгаж, олон хүн “Жу” хэмээх үсэгтэй хүрэм өмсч баймуй. Үүнд Ши Сю санамсаргүй явж, нэг настай хүний дэргэд очиж ийн өгүүлрүүн: - Эрхэм өвгөн ах, би нь Шаньдун мужийн захиргааны хүн билээ. Энд чавга худалдахаар уг үнэ мөнгөө дуусгаж ядраад, эдүгээ түлээ дамнаж худалдан амь зуумуй. Таны энэ газрын заншил нь ямар буй? Эдгээр пүүсний үүд бүрт сэлэм жад хатгах нь ямар учир? Бас хүн бүр “Жу” хэмээх үсэг бүхий хүрэм өмссөн нь юу? хэмээсэнд тэр өвгөн өгүүлрүүн: - Эдүгээ чи энд удаж үл болмуй хэмээсэнд Ши Сю өгүүлрүүн: - Эрхэм өвгөн ах би энд яахин үл удаж болмуй хэмээсэнд тэр өвгөн өгүүлрүүн: - Сонсвол манай энэ баруун зүүн хоёр хот манай энэ хот лугаа нам нийлж, Лян Шань уулын муу урвасан хулгай нартай байлдах гэнэм. Чи үл үзэв үү? Мөнөө Ляншаниас цэрэг жанжин ирж Ду Луншань уулын өмнө хороо байгуулж буй. Одоо өнөө маргааш байлдах тул, чи хол яваваас зохимуй хэмээсэнд Ши Сю өгүүлрүүн: -Энэ хотод чухам хичнээн хүн буй? хэмээсэнд өвгөн өгүүлрүүн: - Энэ хотод бүгд бодвоос хоёр түмэн айл буй. Баруун хот нь Ху Тайгүн хэмээх нэгэн хүн тэргүүлмүй. Түүний нэг охин бий. Нэр нь Ху Саньнян хэмээмүй. Цол нь “Бараан дээлт” хэмээдэг. Зүүн хотын тэргүүлэгч “Пү Тяньфэн” Ли Ин хэмээх нэг их сайн эр буй. Энэ гурван хот эртээс эдүгээ хүртэл санаа нийлж хамт хөдөлмуй. Тиймийн тул манай энэ Жу Зяжуан хэмээх хот болбоос маш сайхан. Гадны хүн ирвээс барьж аваад яаманд хүргэмүй. Нэгэнтээ орж ирвээс гарах нь маш бэрх. Зам нь нарийн шулуун, могой явсан мэт бөлгөө. Тиймийн тул чи энэ хөлд чирэгдэн үрэгдэх болмуй хэмээсэнд Ши Сю өгүүлрүүн: - Өвгөн ах таны энэ гурван хотын маш их олон цэрэг ба ид шид олсон хувилгаан, барс цолтой тийм сайн эрс байхад яахин Ляншаниас урвасан муу хулгай нар ирж байлдах буюу? хэмээсэнд өвгөн өгүүлрүүн: - Чи яахин нарийн учрыг мэдмүй. Гагцхүү Ляншаниас урваж ирсэн хоёр Ян овогтой хүнийг барьж чадсангүй оргуулав. Эдүгээ нэгэн Ши овогтой хүнийг барьж гянданд хадгалав гэнэм. Тиймийн тул түүнийг булаахаар Ляншаниас цэрэг мордож ирсэн хэмээсэнд Ши Сю энэ үгийг цөм сонсож, худлаар уйлан өгүүлэн: - Тийм бөгөөс эдүгээ би яахин гарах билээ? хэмээсэнд өвгөн өгүүлрүүн: - Өчүүхэн хөвгүүн чи уйлах юун. Манай гэрт орж нэг хундага архи ууж, хэдэн шаазан будаа идээд эртхэн явагтун хэмээсэнд Ши Сю өгүүлрүүн: - Өвгөн эцэг буян санаж архи будаа хайрлах нь маш сайн. Эдүгээ би орж хүртэе. Түүний гадна энэ дамнасан түлээгээ танд өгье хэмээгээд орж архи будаа идэж бас өгүүлрүүн: - Одоо би энэ хотоос яахин гарах бөлгөө? хэмээсэнд тэр өвгөн өгүүлрүүн: - Чи энэ хотны төв дунд нэгэн их улиас мод буй. Түүнийг эрж олвоос их зам тохиолдмуй. Эс олвоос чи хэрхэвч гарч чадахгүй, даруй баригдаж алагдмуй хэмээсэнд Ши Сю өгүүлрүүн: - Тийм бөгөөс өвгөн эцгийн үгийг дагаж, тэр модыг эрж очъё. Өвгөн аавын өндөр алдар хэн гэдэг? хэмээсэнд өвгөн өгүүлрүүн: - Би нь угаас энэ хотын хүн бус. Энэ хотын хүмүүс цөм Жу овогт. Би нь Жунли хэмээмүй хэмээсэнд Ши Сю өгүүлрүүн: - Өвгөн Жун таны архи будааг идэв. Эдүгээ хожим би ач хариулъя хэмээн явах гэтэл гадна нь нэгэн хэсэг цэрэг, нэг тагнуулч хулгай барив хэмээлцэх их дуун гарч бухийд Ши Сю цочиж, дотроо сэтгэрүүн: - Энэ нь лав Ян Линь ахыг барьсан буй за хэмээн тэр зүг өвгөн лугаа гарч үзвээс Ян Линь мөн. Үүнд яахин сэжиг авахуулж энэ мэт болов хэмээн сэтгэж, тэр өвгөнөөс ийн асууруун: - Энэ хүн яахин ийм нүцгэн хүлэгдэж баймуй? хэмээсэнд өвгөн өгүүлрүүн: - Энэ нь урьд таван өнгийн зүстэй барс Ян Линь хэмээн энэ хотод байсан хүн. Эдүгээ Лян Шаньд урвав хэмээн сонсогдсон. Тиймийн тул сангарсын дүрмээр дулдуй барьж хотод орж тагнуулч болон ирж баригдав. Бусад газраар ер явж болохгүй. Миний хэлсэн цагаан улиас модон замаар яваваас яахин энэ цэрэгт баригдах буюу хэмээв. Ши Сю энэ үгийг сонсоод ер яахин гарах билээ хэмээн бодож байтал бас нэг хэсэг улаан дарцаг барьсан цэрэг их чимээ гаргаж өвгөн Жунлигийн үүдээр өнгөрсөнд Ши Сю нууж хараваас Жу Зяжуан хотны Жубяо буюу гуравдугаар хөвгүүн. Бие нь цав цагаан, өмссөн хуяг дуулга нь мөн цагаан, барьсан жад нь мөнгөөр хийсэн, унасан морь нь цасан цагаан. Үүний өмнө хэдэн хөхөмдөг морь унасан хэдэн хөх царайтай жанжин баймуй. Үүнд Ши Сю үл таних болж өвгөнөөс асууруун: - Энэ өнгөрөгч ноён нь хэн хэмээдэг, ямар хүний хөвгүүн буй? хэмээсэнд өвгөн өгүүлрүүн: - Энэ нь манай Жу Зяжуаний Жубяогийн гуравдугаар хөвгүүн. Энэ баруун хотын Ху Тайгүний охин Ху Саньнян хэмээх охиныг эм болгож авахаар бэлэг инж хүргэв хэмээсэнд Ши Сю өгүүлрүүн: - Энэ хүн цэргийн эрдэм сурсан хүн үү? хэмээсэнд өвгөн: - Маш хэцүү ах дүү гурав. Цөм барс цолтой хэмээсэнд Ши Сю өгүүлрүүн: Эдүгээ би яахин гарах билээ. Өвгөн ах намайг зам удирдаж хотоос гаргаж өгмүй? хэмээсэнд өвгөн өгүүлрүүн: - Эдүгээ чи ийм орой явж болохгүй. Мөн манай гэрт хоноод өглөө эрт яваваас болмуй хэмээсэнд Ши Сю мөн тэндээ хонохоор завдсанд, тэр өвгөний үүдэнд нэг хэдэн хүн ирж, ийн өгүүлрүүн: - Энэ шөнө улаан дэнлүү дээш дэгдээж бариваас хотын олон хүн цөм босож хүчин тусалж, Лян Шань уулын хулгай нарыг баримуй хэмээсэнд Ши Сю энэ үгийг сонсоод сэтгэл нь зовж, нэг байшинд орж унтав.

Тэндээс Сүн Жян, тагнуулч Ян Линь, Ши Сю хоёр эдүгээ хүртэл үл ирэх нь эрхгүй нэгэн учир болов. Оу Пэн чи очиж, тэр хоёрын чимээг сонсоод бушуу ирэгтүн хэмээсэнд ирж, замын дундаас Янлинийг барив хэмээн улсын хэлэлцэхийг сонсоод, нисэх мэт очиж Сүн Жянд өгүүлсэнд Сүн Жян: - Тийм бөгөөс эдүгээ бид даруй цэрэглэж ороод алалцах цаг болов. Үгүй бөгөөс хоёр дүү алагдах болно хэмээн цэрэг хөдөлж ирэв. Үүнд Ли Күй, Ян Сюн хоёр өмнө илгээсүгэй. Хойд этгээдээр Лизюнь тэргүүлэн нэгэн хэсэг цэрэг авч хүлээгтүн. Зүүн этгээд Хуа Рүн тэргүүлэн нэгэн хэсэг цэрэг авч хүлээгтүн. Баруун этгээдээр Мү Хүн тэргүүлэн цэрэг авч хүлээгтүн хэмээн тус тус цэрэглэн гарч, шөнө байлдах хэмээн ирвээс Жу Зяжуаний зам нарийн нууц чухал тул ер явах зам үгүй. Гагцхүү Ли Күй, Ян Сюн хоёр арайхийн явж, хотын дэргэд очвоос хоёр их хүүргийг авч, хүн ус гарч болохгүй, басхүү хэрмийн хаалгыг хаасан нь ер орох аргагүйд Ли Күй хараан өгүүлрүүн: - Жу Зяжуаний тэргүүлэгч хулгай Жубяо чи түргэн гарч ирж ял хүлээгтүн.”Ши Шуанван хэмээх Ли Күй эцэг чинь ирэв хэмээсэнд хотын дотор хүмүүс цөм мэдэв. Үүнд Сүн Жян тэргүүлэгч олон жанжид Ли Күй, Ян Сюн хоёрын дэргэд ирж ийн өгүүлрүүн: - Бид даруй цэрэг буцааж эднийг хүлээсүгэй хэмээсэнд Ли Күй үл хүлээмүй. Цэргээр юү хиймүй, би үзэлцэх хэмээн дээлийг тайлж, балт сүхээ барин ус гатлах гэтэл Сүн Жян хориглож байтал хотын дотроос нэгэн их бууны чимээ гарч, дээш гэрэл татсанд, Дү Луншань уулын оройгоос бас хэнгэрэг дэлдэн буу тавьж, гал их дэгдэв. Бас хойно, зүүн хэдэн этгээдээс буу тавин их хөл хөдөлж ирсэнд Сүн Жян нар даруй буцаж, өөрийн бурууг мэдэв. Би урьд хоншим бодисадын бурхан лугаа учирсанд хэргийг дураар үйлдэж үл болмуй. Цагийг дагаж, аргыг хэрэглэгтүн хэмээсэн билээ. Би эдүгээ харин өөрийн биед зовлон олох болов. Энэ нь тэнгэрийн дур, газрын урхинд орвоос яахин гарч болох буюу. Тэр ч байтугай Луу барс ч гарч үл чадмуй. Тиймийн тул Жу Зяжуан сайн эр барих нууц арга хийв. Сүн Жян олон жанжин нар лугаа яахин энэ аргаас гэтлэхийг хойд бүлэгт үзэгтүн. Дөчин зургадугаар бүлэг төгсөв.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(66.181.161.43) 2021 оны 02 сарын 15

энэ зохиолоор хунхуузуудыг сурталчилахаа болимоор юм

0  |  0
Top